Friday, November 6, 2009

“Sex and the City” буюу бүсгүйчүүдийн мөрөөдөл

Уншигчид маань энэ киног сайн санаж байгаа байх. Нью-Иоркийн өнөө цагийн 4 бүсгүйн амьдралаар орчин үеийн том хот, дунд давхаргынханы амьдралын хэв маяг, бүсгүйчүүдийн нөхөрлөлийг гайхалтай сайхнаар дүрсэлж харуулсан. Sex and the City цуврал киног нь гарсан цагаас нь л эхлэн үздэг байлаа. Тэр үе бол 2000 оны эхэн үе. Харин саяхан киног нь үзлээ. Бараг 10-аад жил өнгөрсөн болохоор киноны баатруудын маань хүртэл амьдрал дээшилж маш их тансаг хэрэглээтэй болсон байна. Киноны гол баатрын нэг нь нэгэн алдартай брендийн хуурамч цүнх авдаг тухай нэг анги дээр нь гардаг. Гэтэл одоо Керри LV-ийн цүнхийг өөрийн хувийн туслахдаа бэлэглэдэг болжээ гэх мэт. Энэхүү киногоор дамжуулж маш олон загварын брендүүд сурталчилгаа хийж байгаа л байх. Миний хувьд эмэгтэй хүн болгон л тансаг сайхан юм эдэлж хэрэглэх сонирхолтой байдаг юм хойно тэр их glamourous байдал нь монголоор бол хүний сэтгэл татсан ганган дэгжин, тансаг байдал нь үнэхээр таалагддаг. Ингээд гол юмандаа оръё. Энэ кино яагаад их алдартай болсон бэ. Ялангуяа бүсгүйчүүдийн дунд. Киноны баатрууд маань бүгдээрээ өөр өөр зан араншинтай өөр өөр бүсгүйчүүдийн төлөөлөл болж чадсанд хэргийн учир байгаа байх. Гол баатар Керри буюу миний хамгийн хайртай баатар маань ухаалаг, хүнлэг, боловсролтой эмэгтэйн төлөөлөл. Тэрээр биеэ бас гайхалтай сайхан авч явдаг. Нэг их царайлаг биш ч түүнээс эрч хүч, бас гоо сайхны төгс байдал ажиглагддаг. Эмэгтэй хүн болгон төгс сайхан бие бялдартай, царай зүстэй байх албагүй гэхдээ ухаалаг соёлтой орчин үеийн эмэгтэй бол Керри шиг дэгжин тансаг байж Mr.Big шиг сайхан залуугаар хайрлуулж чадна гэдэг амьдралд итгэх итгэлийг тэрээр олон мянган эмэгтэйчүүдэд төрүүлж чадаж байгаа юм. Миранда бол эршүүд, эмэгтэй хүн гэхэд арай хатуу зан араншинтай. Тэрээр бас боловсролтой хуульч. Заяаны хань зам дээр гэх шиг сайхан сэтгэлтэй залуу Стивтэй тааралдаж санамсаргүй хүүхэдтэй болоод суучихдаг. Эмэгтэй хүний амьдралд байдаг л зүйл. Миранда ээж болсоноор олон мянган хүүхэдтэй эмэгтэйчүүд энэ кинонд татагдаж байгаа юм л даа. Хүүхэд өсгөх хүнд хүчир ажлын хажуугаар кареераа хийж гэр бүлээ авч яваа яг түүн шиг амьдралтай олон мянган эмэгтэйчүүд байгаа. Шарлот бол хамгийн энхрий ялдам романтик эмэгтэй. Үнэнч хайр сэтгэлд итгэдэг. Тэрээр сайхан эзэгтэй, бас сайн ээж байх л заяатай бүсгүй шиг. Түүний эмэгтэйлэг бас романтик зан нь үзэгчдийн хайрыг татдаг. Саманта бол жинхэнэ секс симбол. Тэрээр зөвхөн өөрийнхөөрөө л амьдарч чадаж байгаа эмэгтэй. Яагаад зөвхөн эрчүүд л секс машин байх ёстой гэж. Яагаад зөвхөн тэд л царайлаг хөөрхөн бүсгүйчүүдийг дэгээдэж явах ёстой гэж. Орчин үед эмэгтэй хүн ч гэсэн сексийн хувьд чөлөөтэй байж, эрх чөлөөг эдэлж сайхан залуустай учирч түүгээрээ таашаал авч байгааг Саманта бүрэн харуулж чаддаг. Энэ ч утгаараа түүний дүр бол яах аргагүй орчин үеийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэгш байдлыг илүү тодотгож өгсөн чухал дүр гэж би боддог.

Киноны хамгийн нэг чухал зүйл бол үнэнч нөхөрлөл. Хэдийгээр баатрууд маань бүгд өөр өөр зан араншин, өөр өөр үзэл бодолтой ч тэд нөхөрлөлдөө хэзээд үнэнч байж чаддаг. Хэн нэгнийгээ маш сайн ойлгож мэдэрч чаддаг. Эмэгтэй хүний төрөлхийн жаахан атаархуу, өчүүхэн зүйлд ач холбогдол өгдөг тэр араншинг орчин үеийн нийгэм эвдэж чадсаныг бас харуулсан шиг. Би юу гэх гээд байнаа гэхээр эрчүүдтэй эн тэнцүү байх гэсэн эмэгтэй хүмүүсийн хүсэл мөрөөдөл биелэлээ олж өнөө цагийн эмэгтэйчүүд тэднээс дутахгүй хүч чадалтай тэднээс хамааралгүй өөрөө өөрийнхөөрөө амьдарахад эмэгтэй хүнд бурханаас арай илүү өгчихсөн аахар шаахар зүйлд ач холбогдол өгдөг атааж жөтөөч зангаа орчин үеийн эмэгтэйчүүд амьдралын шаардлагаар гээж байгаа. Олон зууны туршид эрчүүдийн үнэнч нөхөрлөлийн тухай л ярьдаг байснаас эмэгтэйчүүдийн үнэнч нөхөрлөл гэдэг зүйл бараг байдаггүй байсан. Тэр юунаас болдог вэ гэхээр эмэгтэй хүний зан араншингийн сул тал буюу ховч, атаач гэх мэт зангуудаас болдог байсан. Харин орчин үед эмэгтэйчүүд эрчүүд шиг хүчирхэг байхын тулд энэ арчаагүй зангаа гээж байна. Ингэснээрээ ч тэд үнэнч нөхөрлөж амьдралд нэг нэгэндээ тус дэмтэй байж чаддаг болж байна.

Би хэзээ ч Нью-Иоркт очиж үзээгүй. Гэхдээ энэ киног үзсэнээр яагаад ч юм тэр их хот намайг даллан дуудсан. Тэр тансаг сайхан амьдрал, эрх чөлөө намайг даллан дуудсан. Тансаг амьдралд дургүй бүсгүй хүн гэж байхгүй биз.


Б.Эрхэмбаяр

2009 оны 11 сарын 06
Улаанбаатар хот Цааш нь унших...

Friday, October 16, 2009

Бүсгүй заяа цуврал: Наймаа

Навчаа Дэвидийг гарахад хаалгаа өөрийн мэдэлгүй тас хийтэл нь хааж орхиод тэр дороо хүнд юманд цохиулсан мэт суун туслаа. Түрүүнээс хойш биеэ барьсан бардам сэтгэл хормын төдийд хийсэн арилаад нулимс нүдийг нь агшин зуурт бүрхэв. Цээжний гүнээс гомдлын хар манан ундарч чимээгүй мэгшүүлж байснаа бүр чангаар орь дуу тавин уйлж эхэллээ. Энэ чимээнээр хүү нь юу болоод байгааг тааж ядан хэсэг зуур алмайран өмнө нь бүртэлзэн зогсож байсанаа арай сэхээрэв бололтой шалан дээр өвдөглөн хаалганы бариулаас зууран орь дуу тавьж буй ээжийгээ тайтгаруулахыг оролдов. Тэрээр Навчаагийн хацар дээгүүр тунаран мэлмэрэх нулимсыг халуун гараараа арчиж, гараас нь татан өндийлгөх гэж оролдовч ямар ч үг хэлэх тэнхэлгүй орь дуу тавих ээжийгээ хараy гайхаж ядаад өөрийнхөө өрөө үрүү орж явчихав. Навчаа бүр хоолой нь сөөж дуу гарахгүй болтолоо эхэр татан уйлав. Тэрээр биеэ ч хөдөлгөх тэнхээгүй болоод шалан дээр хэвтэж байлаа. Бурхан минь. Хүн ингэтлээ өөрчлөгддөг байжээ. Нөгөө хорхойд хоргүй зөөлөн зантай Дэвид мөн гэж үү.

Навчаа Дэвид хоёр анх Германд сурч байхдаа танилцаж ханилан суусан билээ. Сургуулиа төгсөөд Берлинд хэдэн жил амьдарсан ч Навчаа ах дүүс, нутаг усаа зүрхнээсээ гээж чадсангүй. Ингээд том хүүгээ төрөөд удаагүй байхад Монголдоо ирж амьдрал ахуйгаа төвхнүүлсэн. Дэвид ч ашгүй мэргэжлийнхээ дагуу харилцаа холбооны компанид боломжийн өндөр цалинтай ажилд оров. Навчаа ч Германд эзэмшсэн боловсрол хэл усныхаа ачаар мөн л Дэвидээс дутахгүй гайгүй цалинтай ажил ядах юмгүй олчихов. Угийн хээгүй Дэвид Монголын нийгэм, орчин нөхцөлийг ийм тийм гэж нэг их гоморхоод байсангүй бараг Навчаагаас хурдан шинэ орчиндоо дассан билээ. Навчаа анх Дэвидтэй суухдаа түүний энэ л хээгүй гүндүүгүй, зөөлөн занд нь юу юунаас илүү татагдсан. Том хүү нь хоёр нас хүрэхэд Навчаа бага охиноо төрүүлэв. Нас нэлээн явчихсан хойноо хүнтэй сууж амьдралаа зохиосон болоод ч тэрүү хоёр хүүхдээ дараалан гаргачихаад нэг мөсөн ажил төрөлөө цэгцлэнэ гэсэн төлөвлөгөөг Навчаа өөртөө зохиосон байлаа. Навчаа ер нь гялалзуур сэргэлэн зантай тул тэрсхэн хоёр хүүхэд дээр нь Дэвид гээд бүгдийг арчилж амжуулахдаа нэг их түүртэхгүй байлаа. Бага охиноо төрүүлээд удаагүй ажилдаа орж амьдрал нэгэн хэмнэлээр үргэлжилсээр нэг л мэдэхэд тэд арваад жилийн амьдралаа ардаа үдсэн байлаа. Гадны хүнийг хүндэтгэн үздэг монгол нутаг Дэвидэд тун их таалагдана. Нутагтаа бол мань хүн өдий зэргийн ажил хийж өдий их мөнгө олж яасан ч чадахгүй тул энэ амьдралдаа ихэд сэтгэл хангалуун. Заримдаа хүүхэд шиг гэнэн зантай гэр орны аахар шаахар хар бор ажилд арч муутай Дэвид Навчаад хоёр бага хүүхдээ өсгөж өндийлгөх гэж зүтгэж явахад нэмэр болох нь бага. Гэхдээ л Навчаа түүний ажил төрөлдөө амжилт олж ар гэрээ гайгүй тэжээж байгаад сэтгэл хангалуун явна. Харин нэг л зүйл дээр тэр хоёр угаасаа өөр хүмүүс гэдгээ хэн хэн нь арай л хожим мэдэрсэн. Дэвид бол эрүүл мэнд бие бялдартаа нэг их санаа тавьдаггүй тайван амгалан нэгэн. Тэр идэж болох бүх л зүйлийг иднэ. Хөдөлж хөлсөө гаргах бүхнээс үстэй толгой нь бараг арзайдаг гэхэд худал болохгүй. Тэгээд ч компюътер программийн талын ажилтай тэрээр бараг өдөржин суудлаасаа ч ховхорохгүйгэээр сууж чадна. Хоол унд бэлэн зэлэн байвал бараг хэдэн өдөр шөнө дараалан суух нь ч бий. Харин Навчаа бол тийм биш. Тэр бага байхдаа бүжигчин болно гэсэн мөрөөдөлтэй хөдөлгөөний эвсэлтэй охин байсан. Дунд ангиасаа эхлэн биеийн тамир спортоор хичээллэж бас ч үгүй амжилт гарган тэр үед ховорхон олддог медаль хүртэл энгэртээ зүүж үзсэн. Оюутан болж амьдралын хэмнэл орчин нөхцөл өөрчлөгдсөн ч Навчаад хөдөлгөөн гэдэг эрүүл амьдралынх нь үндэс болдог байв. Тэр нэг дор ингэж таг сууж чаддаг Дэвидийг хараад заримдаа үнэхээр их гайхдаг байж билээ. Тэрээр мөн хэтэрхий их тослогтой, шарсан хайрсан төмс, зайдас мэтээр голчлон хооллодог Дэвидэд ногоо жимс, тараг гээд аль болох хөнгөн төрлийн хоол унд идүүлэх гэж зүтгэдэг байв. Харин энэ бүх түүний хичээл чармайлт алхам бүрдээ Дэвидийн “Би юу идэхээ хэнээр ч заалгахгүй” гэсэн зөөлөн хирнээ мятрашгүй эсэргүүцэлтэй тулгардаг байв. Нас явахын хирээр Дэвид жин нэмж бүр илүүдэл жиндээ түүртэн амьсгаа дээртэй явах болж билээ. Навчаа өдөр бүр шахам чи жингээ хас, таргалуулахгүй хоол унд идэхгүй бол болохгүй нь гэж үглэх боловч Дэвид энэ бүхнийг даан ч нэг тоохгүй нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргана. Тэр нэгэн өвөл Дэвид бие нь сульдан ядарч хэд хэдэн удаа удаан хугацааны эмнэлгийн чөлөө авахад хүрэв. Харин үзсэн эмч бүр ам нэгтэйгээр түүнд “Жингээ хас!” гэсэн ганцхан зөвлөгөөг өгөв. Дэвид сая л тэр үгийг Навчаагаас өөр хүнээс сонссон тул нээрээ ч Навчаагийн үглээд байдаг ортой бололтой. Бие сульдаж ядраад байгаагийн гол шалтгаан нь хөдөлгөөний дутагдал эрүүл бус хоол хүнс хэрэглэж байгаагаас болж байна гэж дотроо тунгаан бодов. Урьд нь тэрээр ажлаа тараад л шууд фитнес клуб уруу явж дасгал хийдэг Навчааг үнэхээр ойлгодоггүй байв. Хүн яаж ийм илүү зүйл хийх гэж тэмүүлдэг байна гэж тээршээн бодно. Харин эмчийн зөвлөснөөр тэрээр Навчааг дагаж жингээ хасах дасгал хийхийг зөвшөөрөв. Үүнийг сонссон Навчаа ч бөөн баяр. Харин Дэвид нэг юманд мэрийж зүтгэвэл заавал ард нь гардаг хүний ёсоор их шургуу хичээллэв. Шантрах үе зөндөө байсан ч тэрээр өөрийгөө ялж чадсан. Навчаа ч түүний энэ хичээл зүтгэлд туйлаас их баяртай байлаа. Бүтэн жил ингэж чармайн хичээллэсний хүчинд Дэвид 100 нэлээн давсан жингээс 80 гаруй болтолоо турж чадсан. Нөгөө илүүдэл жингээсээ болж эв хавьгүй, тээртэй харагддаг Дэвид биш болж гялалзсан гав шав хөдөлгөөнтэй сэргэлэн цовоо нэгэн болж хувирав. Хааяа хөгжилтэй дуу исгэрэн үл ялиг инээмсэглэл нүүрэндээ тодруулан алхаж явах Дэвидийг шохоорхон харц чулуудах бүсгүйчүүдийн тоо ч нэмэгдсэн нь илт мэдрэгдэнэ. Тэрээр бие махбодь нь чангарч жавхайгаад гал цогтой хөнгөн шингэн нэгэн болсон байлаа. Хоёр хүүхэд нь ч нэг үеэ бодоход өсч томроод сургуульд оров. Навчаа хэдийгээр өөрийн гэсэн алба ажил ихтэй ч хоёр хүүхэд, гэр орны ажлаа яв цав амжуулна. Хажуугаар нь спортоор хичээллэх цаг зав хүртэл өөртөө гаргачихна.. Хэдийгээр энэ мэтчилэнгийн аахар шаахар амьдралын хэвшил дээр ам зөрөлддөг ч Навчаа Дэвидэд туйлаас итгэдэг түүнийг хайрладаг билээ.

Өнгөрсөн хавраас ажил гэр гэсэн хоёрхон замаас хэзээ ч хазайж үзээгүй Дэвид хааяа нэг пиво ууж гадуур гарах нь элбэгшив. Тэрээр маш том төсөл эхлүүлээд ажиллаж байгаа тул хамтран ажиллагсадтайгаа гадуур дотуур сууж ярих зүйл их байна гэж Навчаад хэлсэн тул Навчаа хар буруу зүйл юу ч бодсонгүй. Орой тарж ирэхэд хэзээ ирсэн нь ч бүү мэд компъютер дээрээ л лаглайж суудаг Дэвид бүр гэртээ үзэгдэхээ байж энэ байдал бараг жил орчим үргэлжлэв. Шөнө орой гэртээ ирэхдээ ажил ихтэй байснаа ярих тул Навчаа түүнийг үнэхээр л ажил ихтэй болж дээ гэж бодно. Дэвидийн элдэв хүүхэн шуухан охид бүсгүйчүүдтэй хэл амаа ололцохдоо маруухан жаахан бүрэг ичимхий ч юм шиг зан Навчаад бүр залуу байхын л таалагддаг байлаа. Зуны нэгэн дулаахан тогтуухан сайхан үдэш Дэвид томилолтоор явсан тул Навчаа битүүхэн уйтгартай гэртээ зууж байв. Гадаа наран ээж, цонхны доор шуугилдан тоглох хүүхдүүдийн чимээ түүнд ганцаардал мэдрүүлж уйтгар нэмэх шиг. Хоёр хүүхэд нь өвөөгийндөө очсон тул Навчаа хоол хийх гэж байсанаа гэнэт ганцаараа гэдгээ санаад болихоор шийдэв. Харин утсаа шүүрч аваад ойрд уулзалдаагүй багын найз бүсгүй үрүүгээ залгав. Навчаагийн цөөхөн бөгөөд үнэнч нөхөрлөдөг найзуудын нэг болох Туяа: -Найз нь энд зуслан дээрээ байна. Энд ёстой сайхан байна. Чи манайд ирэхгүй юм уу гэж асуув. Маргааш нь амралтын өдөр байсан тул эрүүл агаарт зуслан гарч нэг хонох зүгээр ч юм шиг санагдаад Навчаа дуртайяа зөвшөөрөв. Туяагийнх Зайсангийн аманд шинэхэн зуслангийн байшин бариулсан билээ. Шинэ байшинг нь ч сонирхох бодол Навчаад давхар төрж явлаа. Туяа шиг хотын утаа дуу чимээнээс ангид нэг ийм сайхан газар байшин бариулах мөрөөдөл Навчаад хэдийнээс төрнө. Тэгээд ч Дэвид тэр хоёрын ажил урагштай байж бас ч гэж энэ хэдэн жилд чамгүй их мөнгө хуримтлуулж чадсан төдийгүй мөрөөдлийн байшингаа ч бариулахаар хоёул төлөвлөөд буй билээ. Туяагийн байшин яг наран ээвэр модтой энгэрт байрлах бөгөөд цонхоор нь ойр орчмын юм яг л алган дээр дэлгэсэн мэт харагдана. Туяа Навчаа хоёр элдвийг ярилцах зуур яарамгүй үдийн хоол зэхэж байв. Хоол бэлэн болмогц гадаа тагтан дээрээ ширээ засан тухлан суув. Навчаа Туяагийн хийсэн хоолыг амтархан идэх зуур авчирсан улаан дарсаа задалж хоёр бүсгүй наранд биеэ ээн тун чиг жаргалтай байв. Гэнэт Навчаагийн нүдэнд нэг л танил хүн нүдний буланд нь бүртэлзэв. Навчаа Туяагийн байшингаас хоёр байшингийн гадаа тэврэлдэн нялуурах бараг шалдан шахуу эр эм хоёр дээр харц тогтоон ажив. Тэр богино өмднөөс өөр хувцасгүй нүцгэн эр нь яах аргагүй Дэвид мөн байлаа. Дэвид хажуудаа байх зуны нимгэн майк богино өмд өмссөн бүсгүйг тэвэрч уруул дээр нь озож тэр хоёр тэврэлдэн инээлдэнэ. Арай ч дээ. Тэрхэн зуур Навчаагийн нүд нулимсаар дүүрч юу хэлэхээ яахаа ч мэдэхгүй балмагдав. Арай ч дээ. Даан ч дээ гэж үглэн салганах Навчааг Туяа гайхан хараад: -Чи чинь юу болоо вэ гэх Туяагийн дуу чихэнд нь нэг холдон нэг ойртоно. Навчаа дотор нь муухай оргиж нүд нь харанхуйлан тагтан дээрээс уначихгүйг хичээн арай ядан гуйвганан зогсоно. Туяа түүний харц гөлөрсөн зүг эргэж хартал шалдан эр, эм хоёр бие биеэ усаар цацан хөөцөлдөж байгаа урьд байшингийн зүг өөрийн эрхгүй гайхан харлаа. Туяа ядаж холын хараа муутай тул тэр хоёр хүнийг таньсан ч үгүй тул юу ч ойлгосонгүй. Түүнийн ийнхүү мунгинаж байх зуур Навчаа тагтны хаалгаар дотогш орж цүнхээ шүүрч аваад машинаа асааж яах ийхийн зуургүй яваад өгөв. Энэ бүхэн даан ч хоромхон зуур болсон тул Туяа: -Навчаа чи чинь яагаа вэ гэж араас нь гараа сарвалзуулан гүйсээр хоцров. Туяа эл болсон явдалд бүр гайхаж цөхөөд гэртээ орж нүдний шилээ зүүгээд хашаанаасаа гарч тэр инээлдэн хөөцөлдөх эр эмийн зүг сониучирхан явж хүрэв. Хүйтэн усаар толгойгоо шалба цацуулсан харь эрийг тогтож сайн харвал Навчаагийн нөхөр Дэвид мөн байлаа. Туяа сая л болж өнгөрсөн бүхний учрыг оллоо. Тэр бас л самгардан яахаа мэдэхгүй хэсэг зуур байж байсанаа угийн аманцар бүсгүй тул сэхээ орж хашааны хаалгыг нь хүчтэй балбаж гарлаа. Энэ чимээнээр нөгөө бүсгүй гүйсээр ирж хаалга тайлж өгөв. Туяа дуу шуу ч үгүй өөрийг нь гайхан харж зогсох эл бүсгүйг арай л дайрч унагасангүй хашааны хаалгаар ороод мөн өөдөөс нь таньж ядан ширтэх Дэвид үрүү яах ийхийн зуур дөхөж очив. Уур бухимдал, зэвүүцэл нь дээд цэгтээ хүрсэн Туяа биеэ барих чадвараа нэгэнт алджээ. -Чи эхнэр хүүхдээ хаячихаад ингэж завхайрч явахаасаа ичихгүй хүн үү гэж хэлээд алгадаж орхив. Дэвид Туяаг таньсан боловч юу гэж хэлэхээ олж ядан мэгдэн зогсоно. Дэмий л гэнэгүй байхад нь яах ийхийн зуургүй тас хийтэл алгадуулсанаас хорсох хацраа даран зогсоно. Улаан галзуу уурласан Туяа нөгөө хүүхнийг нь -Чи эхнэр хүүхэдтэй хүнтэй ингэж явдаг ямар дүүрсэн хүүхэн бэ гэж хашхиран ухасхийтэл айж цочирдсон хүүхэн түүнээс зугтаах адил Дэвидийн ардуур орчихов. Тэр хоёрыг Туяа үзэн ядсан харцаар ширвэж орхиод сая л нэг тайвширч юу ч болоогүй юм шиг хашаанаас гарч одов.

Навчаа энхэл донхол ихтэй замаар хар хурдаараа сэгсчүүлэн нэлээн удаан давхив. Нүдийг бүрхсэн нулимс салхивчаар үлээх салхины аясаар шанхийг нь даган урсаад зуны нимгэн цамцных нь энгэр заамыг бороон дусал шиг л норгож байлаа. Тэрээр ингэж нэлээн давхиад хамаг чадал тэнхээ нь барагдсан хүн замын хажуу уруу орж зогсоод мэгшүүлсээр байлаа. Нүдэнд нь нөгөө хүүхнээ тэврэн үнсэх Дэвидийн жаргалтай царай харагдаж чихэнд нь тэр хүүхний адтай инээд цангинаж түүнийг тохуурхана. Гэнэт хоёр хүүхэд нь санаанд орж ирэхэд Навчаа машины жолоог хоёр гараараа атгаад бүүр ч чангаар уйлж эхлэв. Ийм гэнэтийн зүйл үүлгүй тэнгэрээс хур буух шиг л болно гэж зүүдэлсэн ч үгүй явлаа. Хүний урманд өөрийнх нь нүүрэн дээр эм хүйстэй хүнтэй хэдэн олигтой ч үг сольчихдоггүй Дэвидийг Навчаа битүүхэндээ шоолонгуй явдаг байсан бусуу. Манай энэ ч дээ хөөрхий компьютер идэх хоолтой байж байвал бараг болчихно доо гэж боддог байсан. Дэвидтэй анх танилцахдаа Навчаа өөрөө санаачлага гаргаж түүнийг эргүүлж эхэлсэн. Эв хавьгүй ч Дэвидийг Навчаа эмэгтэй хүний зөнгөөрөө сайн залуу гэж итгэсэн. Орцонд цахилгаан шатанд тааралдах бүрдээ Навчаатай мэндэлж сандарч тэвдэнгүй орцны хаалга онгойлгож өгдөг хээгүй тэр л залууд Навчаа нэг л мэдэхэд сэтгэлийн цалмаа алдаж орхисон. Өдий хүртэл түүний элдэв өө сэвийг засах гэж хичээхдээ тэр түүнд муу юм биш дандаа сайн сайхан зүйлийг хийж байна л гэж бодож итгэж амьдарсан. Гэтэл одоо үүлгүй тэнгэрээс аадар бороо орох шиг гэнэт юу болох нь энэ вэ.


Дэвид маргааш орой нь гэртээ ирэхдээ юу ч болоогүй юм шиг царайлах гэж хичээвч угийн юмаа нууж чаддаггүй хүний царайгаар гэмшингүй хулгай нүдээр Навчаа уруу ширтэнэ. Тэрээр унтлагын өрөөнд орвол түүний гэх бүх зүйлийг боож баглаад тавьчихсан болохыг сая анзаарав. Хэн нь ч түрүүлж дуу гаргаж үл төвдөнө. Цаг нэлээн орой болж хүүхдүүд нь унтчихсан бололтой чимээ аниргүй. Энэхүү хүйтэн дүмбий байдлыг эвдэх хүч энэ гэрт үгүй болсон мэт. Навчаа хэл ам түргэнтэй ч хэрүүл ам хийж ааш авир гаргаж сураагүй. Тэрээр сая унтлагын өрөөнд орж ирээд Дэвидийн нүд үрүү нь харж байгаад -Бидний амьдрал ингээд дууссан бололтой гэж хэллээ. Тэрээр өөрийгөө ийм үгийг ингэж тайван дуугаар хэлж буй өөрийнхөө дууг ч таньсангүй. Тэр дуу өөрөөс нь биш өөр хүнээс ч гараад байгаа юм шиг. Гэхдээ л Навчаад одоо түүнийг хайрладаг Дэвид нь байхгүй болсон тэр түүн үрүү тэр бүсгүй үрүүгээ харж байсан шиг хэзээ ч харахгүй гэдгийг л сайн мэдэж байлаа.

Бүх зүйл санасныг бодоход маш хурдан болж өнгөрсөн. Дэвид өөрийн гэсэн эд зүйлээ авах гэж ирэхдээ Навчаад уучлаач гэж ч хэлсэнгүй яваад өгөв. Тэрээр би одоо Навчаатай олон юм ярих нүүргүй хүн гэж боджээ. Ингээд л болоо юу гэж Навчаа ганцаар үлдсэн хойноо бодож суулаа. Арав гаруй жилийн амьдрал нь ингээд нэг л өдөр алга урвуулахаас ч амархан шийдэгдэх ч гэж дээ. Хоёр хүүхдээ яах вэ. Охин нь учир мэдэхгүй болохоор нэг их асуудалгүй. Харин хүүдээ юу гэж хэлэх билээ л гэдгээс Навчаа хамгийн их айж байлаа. Тэр Дэвидээс чи намайг уучлаач гэсэн үгийг хүлээж хүсч байсан ч юм шиг. Гэхдээ бардам зантай Навчаагийн хувьд Дэвид тэгж хэлсэн ч уучилж чадна гэж үү.


Дэвид шинэхэн амрагаа дагуулаад нутаг буцжээ гэж Навчаа жил гаруйн өмнө дуулсан. Харин нэг орой тэр хүүхэн Навчаа уруу залгаж уулзаж болох уу гэж дахин дахин утасдаад байхаар нь аргагүйдэн нэг газар болзож уулзахаар болов. Түүнийг Гэрэл гэдэг аж. Дэвид түүний юунд нь тэгтлээ татагдсан нь сонин. Насаар хараажаар Навчаагаас дүү ч биедээ зохиогүй хувцас, чих хуруунд нь сүртэйгээр гялалзах алт мөнгөн чимэг зүүлт нь чимэг болохоосоо илүүтэйгээр түүнд овор нэмсэн гэлтэй. Нүүр, хуруу хумсаа өнгө дагуулан тод будсан байдаг л нэг хямдхан охидын дүр төрх. Гадаад эртэй сууж нэг их биеэ зовоохгүйгээр гайгүй амьдарчих бодолтой иймэрхүү охидууд Улаанбаатарын бар ресторанаар дүүрэн л байдаг тул Дэвидийн сонголтод Навчаа нэг их гайхсангүй. Навчаа Гэрэлийг тас хийтэл алгадаад, үс гэзгийг нь зулгаамаар санагдсан ч угийн биеэ барьж сурсан зангаараа царайгаа төв болгоод : -Чи надаас юу хүсээв. Би хүссэн зүйлийг чинь чамд өгчихсөн биш бил үү гэж үл мэдэг хэгжүүрхээд өөдөөс нь цоргин харлаа. Гэрэл хэлэх үгээ олж ядан үгээ урьд хойно нь оруулан түгдчээд: -Дэвид 2 хүүхдийнхээ аль нэгийг авч хамт амьдарна гээд..... гэж хэлээд үгээ дуусгалгүй дуугүй болов. Би хүүхдийнхээ холбоотой асуудлыг чамтай биш эцэгтэй нь ярих болно гэж Навчаа хэллээ. Тэрээр бидний хүүхэд чамд огт хамаагүй гэж бараг л хашгирчихмаар байсан ч биеэ барьсаар л суулаа. Гэрэл: -Тэр ч тийм л дээ. Гэхдээ бидэнтэй хамт амьдрах болвол би дургүйцэхгүй гэдгээ л таньд хэлэх гэсэн юм гэв. Түүний энэ худал хуурмаг сайхан зангийн цаана юу нуугдаж байгааг Навчаа яахин мэдэх билээ. Гэрэлийн найз хүүхэн бас л нэг монгол эхнэртэй герман залууг эхнэр хүүхдээс нь салгаад сууж л дээ. Тэгээд шүүхээр хүүхдээ эхнэр нь асрамжиндаа авсан биш нөхрийнх нь цалингийн бараг тал хувь нь хүүхдийн тэтгэмжинд явдаг тухай Гэрэлд найз хүүхэн нь сэтгэл дундуур дурсжээ. Гэрэл Дэвидээс энэ тухай тойруу замаар лавлан асуувал тэрээр бараг л тийм гэсэн хариулт өгчээ. Тэр цагаас хойш л Гэрэлд хармын сэтгэл төрж эхэлжээ. Арай гэж нэг залуу олж авсан байтал тэр нь хоёр хүүхдэд тэр хуучин эхнэртэйгээ олсон мөнгөө хуваалцана гэхээр л Гэрэлийн хувьд утгагүй санагдав. Тэгээд энэ уулзалтыг бүр зориуд зохион байгуулах гэж улайрсан нь энэ. Навчаа түүний өөдөөс харан жишимгүй суух Гэрэлийг хараад: -Би дургүйцэхгүй гэнэ шүү. Чи тэгээд намайг нөхрөө хүүхэдтэйгээ хамт өгчихнө гэж санаа юу. Та хоёр надаас юу ч авч болно харин хүүхдүүдийг минь бол хэзээ ч үгүй шүү гэж түрүүнээс хойш биеэ барьж суусан Навчаа дүрсхийн уурлаж чангаар хэлээд гарч одлоо. Дэвид хүүхдүүдээ их санадаг тэгээд би түүнд туслах гэж л гэж ард нь Гэрэл хэлэх сонсдов. Гэртээ харин харьтал Навчаа миний хүүхдүүд өөр хэнийх ч биш гэж үглэсээр явлаа. Үүний дараахан Дэвид Навчаатай уулзав. Тэрээр сүүлийн нэг жил Берлинд амьдарсанаа ярьж охиноо эсвэл хүүгээ аль нэгийг нь өөр дээрээ авах бодолтой байгаагаа пал пүл хийтэл хэлэв. Түүний зүгээр л хүүхдүүдээ санаад байгаа сэтгэлийг нь Гэрэл бүсгүй яаж ашиглахаа мэдэж байлаа. Хоёр хүүхдийнхээ ядаж нэгийг нь ав. Хайрт минь чиний хүүхэд бол миний л хүүхэд гэсэн үг гэж худал нялуурах Гэрэлийн сайхан сэтгэлийн ард ямар муухай бодол агуулагдаж байгааг Девид хэрхэн мэдэх билээ. Энэ маань ийм л сайхан сэтгэлтэй шүү. Залуухан хүүхэд гаргаагүй хүн гэхэд миний хүүхдийг ад үзэхгүй байна гэж баярлан боджээ. Нарийн учрийг сайн олоогүй Гэрэлийн үгэнд зориг орсон Дэвид хүүхдийнхээ аль нэгийг авна гэж Навчаагаас шаардаж эхлэв. Үнэндээ бол Гэрэл тийм санаа гаргаж дэмжээгүй бол Девид Навчаагийн өмнө хийсэн түмэн буруундаа гэмшээд юун хүүхдээ булаацалдах манатай. Навчаагийн нүүрийг олон удаа харахгүй юмсан гэж зовиурлан явжээ.
-Би хүүхдүүдээ өөрөө өсгөлсөн. Тэр үед чи ажлаас өөр юу ч хийдэггүй байсан шүү дээ. Санаж байна уу гэж Навчаа ууртайгаар хэлэв. Дэвид: -Би шүүхэд салах өргөдлөө өгсөн. Шүүх шийднэ биз дээ. Монголд бага насны хүүхэд амьдрах нөхцөл муутай шүү дээ. Чи бас түүнийг сайн бодоорой. Өвөлдөө утаа ихтэй тэр байдал хүүхдүүдэд муугаар нөлөөлнө гэж хэлэв. -Тэгсэн ч энэ миний эх орон миний гэр. Би хүүхдүүдээ хаашаа ч явуулахгүй гэж Навчаа эрсхэн хэлээд салж явлаа. Гэвч Дэвид улайран зүтгэсээр байгаад охиныг нь авахаар шүүх тогтоол гаргачихав. Одоо яалтай билээ. Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэгчээр шүүгч хүүхэнд нэлээд хэдэн төгрөг атгуулсан Дэвидийн талд хэрэг шийдэгдэв. Түүгээр ч зогссонгүй мөрөөдлийн байшингаа бариулахаар хадгалсан хадгаламжаа ч Дэвид авахаар болов. Ингэж л Навчаа хүүтэйгээ хоёулаа хотын төв орчимд байх 3 өрөө орон сууцтайгаа хоцорсон билээ. Энэ явдлаас хойш багагүй хугацаа өнгөрч Навчаа салалттай эвлэрэх шинэ нөхцөл байдал, ганц бие хүүхэдтэй эмэгтэйн шинэхэн амьдралдаа дасан зохицох гэж багагүй хугацаа хүч хөдөлмөр зарцуулсан. Энэ бүхний дундаас түүнд хамгийн хүнд хэцүү дасан зохицож боломгүй зүйл нь дөнгөж 3 настай охиноосоо амьдын хагацал үзэж хол амьдрах болсон нь л байлаа. Бяцхан охиноо санаж зөндөө зүүдэлсэн. Шөнө түүнийгээ зүүдэлж сэрээд мэгшүүлэн уйлах удаа зөндөө олон байсан. Сэтгэлийн хаттай, шаргуу зангийнхаа ачаар өнөөдөр тэрээр ямар ч атугай өөрийн гэсэн орон зайгаа тэлсэн. Ажилдаа амжилт гаргаж нэлээн сайн цалинтай Германы санхүүжилттэй төсөл дээр ажиллаж байгаа билээ.

Гэтэл гэнэт өнөөдөр Дэвид хаалга тогшсоор шинэхэн эхнэр, төрөөд удаагүй нялзрай охин бүр түүгээр ч зогсохгүй шинэхэн хадам ээжээ дагуулсаар зочлон иржээ. Герман хүний ёсоор уулзах гэж буйгаа урьдчилан хэлсэн боловч ийм олон урилгагүй зочид дагуулан ирнэ гэдгээ хэлээгүй билээ. Охин нь ээжийгээ хараад бишүүрхэж буй бололтой доошоо харж гар хуруугаа оролдсоор байв. Өвөр дээрээ суулгаад энгэртээ наахад охин нь битүүхэн санаа алдсанд Навчаагийн зүрх шимширлээ. Энэ хэдэн жил хол байснаас болоод охинтойгоо хааяахан уулзсан. Эх хүн үрээсээ хагацах амьдын хагацал үзэх хамгийн их хэцүү нь байж билээ. Дэвид дахиад нэлээн жин нэмсэн харагдана. Берлинд очоод хийсэн ажлынхаа зах зухаас жаахан ярилцав. Түүний ярианаас ажил хэрэг нь тийм ч амжилттай биш байсан тул буцаж Монголд ирж суурьших болсоныг нь Навчаа ойлгож мэдлээ. Тийм ээ. Германы нийгэм бол эдийн засгийн хувьд өрх гэрийн хэн нэг нь зүтгээд бүтчихдэг нийгэм биш. Тэгээд ч Монгол мэтийн бага буурай оронд өндөр цалин аваад амташчихсан Дэвидэд мэдээж таарах ажил олдоогүй нь лавтай гэдгийг Навчаа төвөггүй ойлгов. Гэрэл бол Навчаа биш. Тэрээр хамтын амьдралын утга учрыг мөнгөтэй нөхрийн мөнгийг хэрэгтэй хэрэггүй гоёл чимэгт үрэн таран хийх, нүдээ бүлтийтэл гангалах төдийхнөөр ойлгодог бүсгүй. Навчаа шиг Дэвидэд шударгаар хандахгүй. Нүүрэн дээр нь уруул дэвсэн нялуураад мөнгө олохгүй бол ар хударгаар нь яаж ч мэдэх хөнгөн хүүхнүүдийн л нэг. Харамсалтай нь Дэвид энэ бүх ялгааг ойлгож мэдэхгүй. Дэвидийн ядрангуй царайг хараад Навчаад түүнийг өрөвдөх сэтгэл төржээ. Эр хүн заримдаа дэндүү тэнэг байх юм даа.

Навчаа энэ олон хүн дагуулсаар ирсэн Дэвидийн айлчлалын учрыг өдий хүртэл олж ядан сууна. Өөрийнх нь хүүхдүүдийн мах цусны тасархай гэсэндээ охиных нь багатай тун адилхан бяцхан охин эхийнхээ энгэрт сарвалзан гангар гунгар хийн амандаа дуугарах нь хайрлахгүй байхын аргагүй. Навчаа тэр бүх хүйтэн хөндий байдлыг эвдэн сарвалзах тэр улаан нялзрай охиныг авчирсанд Дэвидэд дотроо талархан суулаа. Хүү нь аавыгаа ирсэнд бүр шинэхэн дүү дагуулж ирсэнд нь бөөн баяр хөөр болжээ. Навчаа Гэрэлийн охиныг удтал эрхлүүлэн өхөөрдөж ээжийнх нь өвөр дээрээс авч тэврэв. Хүүхэд гэж гэм зэмгүй энэ л цагаахан ертөнц ямар ч гомдол хорсол муу муухай бүхнийг цайруулж гэгээрүүлдэг мэт. Салсан үеэсээ бүр охиныг нь аваад амьдын хагацал учруулсан Дэвид Гэрэл хоёрыг үзэн ядах тэр л хар хорын сэтгэлийг нь энэ бяцхан амьтан ингээд анагааж эдгээх увьдистай ч юм шиг Навчаад санагдаж байлаа. Орж ирсээр ярианд оролцохгүй ч эргэн тойрныг сүрхий ажигч гярхай нүдээр харж сонжсоор суусан Гэрэлийн ээж ам нээж: -Энэ хэд маань ирсээр тохьтой тухтай гэр оронгүй. Манайх гэж айл ам бүл олонтой зутруухан л байна даа гэсээр сая нэг яриа өдөв. Эд маань эндээ суурьших ч бололтой. Охин минь би танай байрыг Дэвид та хоёрын нэр дээр байдаг гэж дуулсан. Навчаа түрүүнээс хойш энэ авгайн ирсэн учир энэ л байж дээ. Чааваас даа гэж бодож амжив. Тэрээр тийм ч гэсэнгүй үгүй ч гэсэнгүй Дэвид үрүү харцаараа асуух адил цоргин харав. Дэвид Навчаагийн энэ харцнаас дальдичлаа. Хүний шунал гэж. Би эдэнд нөхрөө охиноо хамгийн хайртай бүхнээ өгсөн биш бил үү. Яасан ичих нүүрэндээ элэг наачихсан хүмүүс гэхээрээ ийм байдаг байна гэж бодохоор тэдэнтэй цааш яриа өрнүүлэх хүсэл ч чадал ч Навчаад байсангүй. Одоо миний гэрийг надаас булаах гэж л иржээ. Гэтэл миний бодож байдаг гэж л дотроо бодож суулаа. Охин минь чи эрдэм мэдлэгтэй боловсролтой чадалтай хүн. Энэ хэдийгээ ядарч зүдэрсэн үед нь байр сууцаа багасгаад ч юм уу нэг тус болно байгаа гэж тэр авгай огт ичиж зовсон шинжгүй яриагаа үргэлжлүүлэв. Навчаа: -Тэр ярихгүй ээ. Энэ чинь миний гэр. Би Дэвидтэй суугаад 10 хэдэн жил ханилахдаа бараг өөрөө өөрөөсөө харамлан байж цуглуулсан хэдэн сая төгрөгийн хадгаламжаа та нарт өгөөд явуулсан. Одоо боллоо. Юм гэдэг чинь хэмжээ хязгаартай байдаг юм гэж хэлмээр байв. Энэ авгай Гэрэл хоёр бол ингэж хэлэхээсээ ичихгүй байж магад. Харин Дэвид үнэхээр үүнийг хүслээ гэж үү гэж Навчаа бодоод Дэвид үрүү дахин харлаа. Дэвид гөлөлзөн харцаа бууруулсан ч юу ч хэлсэнгүй. Навчаа түүнийг арай ч ийм арчаагүй хүн гэж бодоогүй билээ. Дээрээс нь ийм хүн чанаргүй хүн гэж төсөөлөөгүй. Өдий хүртэл заримдаа Навчаа Дэвидийг уучилсан бол яах байсан бол гэж бодогддог байсан. Хоёр хүүхдээ өнчрүүлэхгүй өөрийг нь хуурч араар нь тавьсаныг уучлаад нүдээ аниад явсан бол болох ч байсан юм шиг санагдах удаа байдаг байсан. Харин одоо бол би даан ч харалган байж дээ. Түүний сул дорой занг нь давуу тал болгон хайрлаж явсан миний энэ тэнэг толгой юу. Ийм хүнээс эртхэн салсан нь ч болжээ гэж бодлоо. Гэнэт Навчаад эдэнд хэрэгтэй зүйлийг нь өгөөд өөрөө хэрэгтэй зүйлээ авах боломж байгааг ухаарав. Би тэгвэл оронд нь охиноо өөр дээрээ авна. Та нар энэ байраа аваарай гэж эрсхэн хэлэв. Дэвид гөлөлзөж нүүрээ буруулсан ч үг дуугарахгүй байгааг бодвол Навчаагийн энэ саналыг хүлээж авч байгаа бололтой. Тэднийг гэрээс гармагц Навчаа хаалгаа тас хийтэл нь хаалаа. Алгын чинээ охиноороо наймаа хийчихсэн тэр арчаагүй аавыг тэр урьд урьдаас бүр илүүтэй өрөвдөж байлаа. Миний гэрийг ав. Гэхдээ миний охиныг миний амьдралыг та нар надаас авна гэж бүү горьд гэж Навчаа хаалга налж зогсонгоо амандаа хэллээ.



Улаанбаатар хот


2009 оны 10 дугаар сарын 07. Цааш нь унших...

Monday, August 10, 2009

Булган, Хөвсгөл нуур, Орхон Сэлэнгийн сав нутгаар хийсэн аяллын тэмдэглэл

Зам зуурын эрээвэр хураавар

Дэлгэр зуны цагт монголчууд бид хүн малын зоо тэнийдэг гэж ярьдаг. Үнэхээр ч зуны сайхан цагт хээр хөдөө аглаг зэлүүд нутгаар аялж байгаль дэлхийнхээ тэр дундаа үзэсгэлэнт сайхан Монгол нутгийнхаа “эс ширхэг” гэдгээ бие сэтгэлээрээ мэдрэх юутай сайхан. Бидний аялал Улаанбаатар хотоос эхлэн хүмүүсийн хэлж заншсанаар Булганаар Хатгал, Хөвсгөл нуурын зүг хөлгийн жолоо залав. Замдаа Эрдэнэт хотоор дайрч түүнээс 60 орчим километрт орших Булган аймгийн төв рүү мянганы замын нэг хэсэг болсон толигор шинэхэн замаар хурдалсаар ердөө цаг хүрэхгүй хугацаанд явж очив. Энэ замын талаар Монголд ховор барууны стандартад дөхөж очсон зам юм даа гэж хоорондоо ярилцсаар явлаа. Булган хотоос цааш зам засварын ажил ид хийгдэж байна. Энэхүү засмал замыг Булган аймгийн Уньт сум хүртэл уртасган тавьж байгаа юм байна. Хажуугаар зам засварын шороо хайрга чулуу ачсан лужир том машинууд зөрөн өнгөрөх нь сүрдмээр санагдаж үүнийг хэн жолоодож явдаг бол гэсэн сониуч зан өөрийн эрхгүй төрнө. Сониуч зандаа хөтлөгдөн машины жолоочийг анзааран хартал яав ч монгол цусны хүн биш ээ. Тэрхүү бидний машинаас даруй хэд дахин том аварга машинуудыг хүдэр чийрэг биетэй хөрслөг сайхан монгол залуус хөлөглөн явсан бол юутай бахдалтай. Даанч жолооч нарын цонхигор царай, монгол хүний бус нүүрний хэв маягаар нь “хужаа нар” гэж төвөггүй таниад нөгөө монгол орон минь овоо л сайхан хөгжиж байгаа юм байна даа хямралын үед хүртэл шинэ зам тавих ажлууд зогсоогүй юм байна гэж хөөрцөглөн ярьж явсан бидний сэтгэл нэг л дундуур болоод явчихлаа. Гэхдээ салаа бүрээс нь булаг шанд боргилсон, ар өврөөрөө битүү модонд хучигдсан Булган сайхан нутгаар аялж яваа бидний сэтгэл төдхөн сэргээд ирлээ.

Булган аймгийн нутаг дахь Уран тогоо уул.


Булган аймгийн Уньт сумын нутаг.

Булган аймгийн төвөөс Сэлэнгийн гарам хүртэл ердөө 138 км боловч бидэнд энэ замыг туулахад түрүүчийн засмал замаар явсан шиг амар хялбар байсангүй. Энхэл донхол ихтэй энэхүү замаар бид бараг 6 цаг явж Булган аймгийн Хутаг-Өндөр сум орлоо. Хутаг-Өндөр сум Сэлэнгэ мөрний эрэг дээр оршдог. Бид аялалынхаа анхны шөнө энд Сэлэнгэ мөрний эрэг дээр майхныхаа гадсыг хатгаж буудаллах болов. Арван тавны тэргэл сартай шөнө чимээгүй мэлмэрэх Сэлэнгэ мөрний урсгалыг ширтэн суух юутай сайхан. Ийнхүү байгаль эхийн хайрласан хишгийг хүртэн суухдаа өөрийн эрхгүй бие сэтгэл минь юутай ч зүйрлэшгүй тайтгарлыг олж байлаа. Маргааш өглөө нь сайхан улаан наран мандаж байгаль эх бас нэг үнэгүй бэлгээ бидэнд хайрлав. Ингэж нар мандахыг харалгүй хичнээн ч удсан юм бүү мэд.

Булган аймгийн нутаг. Сэлэнгэ мөрний гүүрэн дээрээс.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг. Сэлэнгэ мөрний эрэг дээр.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг. Тариан талбай.

Хутаг-Өндөрөөс цааш Хөвсгөл аймгийн Тариалан сум хүрнэ. Тариалан сум бол үржил шимт бор шороон хөрстэй аргагүй л тариалангийн нутаг юм. Төмсний улаан цэцэг зай завсаргүй ургаж улааран шаргалтах замаар нэлээн их явав. Зам хэдийгээр засмал биш ч зөөлөн толигор шороон хөрстэй тул цардмал замаас ч зөөлөн санагдаж байлаа. Зам дагуу загас, жимс зарсан багачууд машин тосч болсон болоогүй гүзээлзгэнэ, үхрийн нүд барьсаар биднийг даллан дуудаж байлаа. Хөдөөгийн малчид, ард түмний амьдрал доройтож байгалийн баялаг уруугаа ханцуй шамлан орсон нь илт. Мөнгө болгож болох юу л байна бүгдийг түүдэг болсон бололтой. Замд тааралдсан нэг монгол айл юуных нь бүү мэд өвөрмөц амттай бор өнгөтэй жимсний чанамлаар биднийг дайлсан юм л даа. Түүнийг гишүүнэ гэж бидний багад энд тэндгүй ургасан байдаг улаан иштэй том навч байдаг даа тэр ургамлаар хийдэг юм байна. Энэ хавийнхан түүнийг түүж чанамал хийдэг болсноос хойш одоо гишүүнэ гэж тэр ургамал их ховор болсон гэж гэрийн эзэгтэй ярина билээ. Тэднийх л гэхэд жилдээ 30-40 литр чанамал хийж хүнсэндээ хэрэглэдэг гэнэ. За авхаалжтай нэгэн ингээд байгалийн баялагийн үр шимийг хүртээд экологийн хувьд цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийг үгүйсгэхгүй ч эзэгтэйн хэлснээр хүмүүс түүхдээ үндсээр нь суга татаж хаядгаас болоод сүүлийн үед тэрхүү бараг хогийн ургамал шиг хөглөрч байдаг асан гишүүнэ ховордсон гэх. Багачуудаас жимс худалдан авахдаа: -Та нарын дунд жимс түүхдээ иш мөчрийг нь гэмтээхгүй, үндсийг нь ухалгүй болгоомжтой түүдэг хүүхэд байна уу. Тийм л хүүхдээс жимс худалдан авна гэж бяцхан тендер зарлаад авлаа. Хэрвээ жимсний бутны мөчир үндсийг гэмтээчихдэг бол дараа жил жимс ургахгүй та нар жимс түүж мөнгө олж чадахгүй болно шүү дээ гэж дэмий л анхааруулах учирлах хоёрын хооронд сануулж явлаа. Энэ үгээ лав 40 шахам хүүхдэд хэлсэн. Тэднээс дор хаяж 4 нь ч гэсэн миний хэлснийг анхаарах биз ээ гэж горьдоно.

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг. Их уул.

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг. Сэлэнгийн сав.

Их-Уул сумын байгаль Булганы мөлчгөр, модоор хучигдсан дүнхгэр уулсыг бодоход хад чулуу ихтэй, хатуу хөрстэй армаг тармаг дов сондуултай болоод ч тэрүү Алтай нутгийн байгалийг санагдуулж байлаа. Зураг дээр харагдаж буй өвөрмөц тогтоцтой уулыг бодвол Их уул гэж нэрлэдэг байх, барааны газраас харагдана билээ. Бараг хажууд л юм шиг дүнхийх энэхүү уулын ар хормойд хүрэх гэж багагүй цаг зарцуулав.

Мөрөн хотод Хөвсгөл далайг үзэх гэж Хатгалыг зорьсон гадна дотны жуулчид аялагчид дүүрэн. Хот нэлээн өргөжиж хүн ам нь нэмэгдээд Мөрөн хот хаяагаа тэлж буй нь шинээр баригдсан дүнз, модон байшингуудаас харахад илхэн. Сүүлийн үеийн хувийн орон сууцны хорооллын барилгын өнгө хийц нь ихэд сайжирсан харагдана билээ.

Хөвсгөл нуурын дархан цаазат газар

Хатгалд бид шөнө орой болсон хойно очлоо. Үүдний харуул биднээс та Хөвсгөлийн их дархан цаазат газар уруу орж байгаа тул хог цаас хаяж байгаль орчин бохирдуулж болохгүй гээд томоос том хогийн уут өгсөн нь надад их олзуурхууштай санагдсан. Хогон дундаа шахам амьдардаг Улаанбаатарчууд бидэнд бас хөдөөгийн соёлоос сурах зүйл их байх шиг. Хотоос алслагдах тусам энд тэнд хийсэх гялгар уут, хог хаягдал багасаад ирнэ билээ. Энэ нь бидний байгаль дэлхийгээ бохирдож гэмтэхээс сэргийлдэг монгол малчин хүмүүсийн олон зууны туршид хэвшиж сахисан соёлтой холбоотой мэт. Уг нь нүүдэлчин монголчууд бид бууж суухдаа орчим тойрны хог хаягдлаа цэвэрлэж цэмбийлгэдэг ухаалаг ард түмэн сэн.

Нэгэн Ger Camp гэсэн хаягийг дагасаар явж очвол хашаан дотор хэдэн монгол гэр барьсан буурчийн газар хүрэв. Энэхүү буурчийн газрын эзнийг ази царайгаар нь монгол гэж бодоод монголоор ярьсан боловч хэл нэвтрэлцсэнгүй нэлээн будилав. Ярианы өнгө хөдөлгөөний байдлаар нь япончууд юм гэж дотроо таамагласан маань ч яг онолоо. Монгол орны маань үзэсгэлэнт сайхан нутгийг энэ гадныхан биднээс илүү эзэмшиж байна шүү гэсэн харуусал төдхөн төрсөн ч хужаа нар байгаагүй нь л их юм гэж жаахан тайвширах аядав. Гэсэн хэдий ч монголчууд бид монгол нутаг дээрээ яахын аргагүй нэг муу монгол гэрний оронцог (гэрийн байгаа байдал нь үнэхээр тааруухан байсан тул оронцог гэсэндээ уншигчдаасаа хүлцэл өчье) хоногийн 30,000 төгрөгөөр харийн хүнээс хөлслөөд зогсож байхад нэг их таатай санагдахгүй л байлаа. Гадны хүмүүст бол энэ нь монгол гэрийн талаар тааруухан сэтгэгдэл үлдээх магадлалтай байсан тул сэтгэл гонсойхоос ч аргагүй байв. Ер нь эдгээр япончуудын байгуулсан энэхүү хотхоны хямд төсөр байдалдаа таараагүй өндөр үнэнээс харахад тэд нэг их хөрөнгө мөнгө зарахгүйгээр зүгээр л монгол орны минь цэнгэг агаар, цэвэр ус, уул модыг жуулчдад тэр ч бүү хэл эзэн болсон бид бүхэнд маш өндөр үнээр зарж байхыг хараад харуусаж халаглахгүй байхын аргагүй.

Хатгалын төвөөс баруун зүгт байх онгоцны буудлаас цааш засаж сайжруулсан шороон замаар явсаар Хөвсгөл далайн баруун эргээр явж очив. Модон дундуурх зам энхэл донхол ихтэй ч ямар ч байсан бүр таг тулаад зогсчих хэцүү зам биш юм. Энэхүү Хөвсгөл нуурын эрэг дагуу жуулчны бааз хөл хөдөлгөөн тун ихтэй аж.

Хөвсгөл далайн хөвөөнд очоод манан дунд сүүмэлзэх мандалыг нь тольдон суух зуур бидний нэг нь -Далай гэж хэлэхээс ч аргагүй юм даа гэж шүүрс алдав. Тув тунгалаг ус мэлмэрэн тунарч ёроолынх нь чулуу алагтаад үзэсгэлэнтэй сайхныг нь өөрийн эрхгүй бишрэх сэтгэл төрж байв. Өөрийгөө гадаад их далайн чанадад нэлээн олон удаа зорчиж юм үзэж нүд тайлсан хүний тоонд оруулдаг ч өдий хүртэл ийм сайхан онгон тунгалаг устай ариун их далайг үзээгүй билээ.

Хөвсгөл далайн эрэг.

Хөвсгөл далайн эрэг.


Хөвсгөл далайн эрэг орчим.

Хөвсгөл нуурыг эрэг дахь жуулчны бааз.

Хөвсгөл нуур. Сагсгайн даваа хавьд.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын төвүүдийн хооронд MCS-ийн татсан цахилгааны өндөр хүчдэлийн шугам.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг. Даваан дээрх 13 овоо

Хатгалаас цааш аялал маань Сагсгайн даваа, Халзангийн даваа, Хөхийн даваа гэх бэсрэгхэн даваануудыг даван модон дундуурх замаар явсаар хойд хилийн орчим орших Цагаан-Үүр сумыг зорив. Айл амьтан бараг байхгүй буйдхан зэлүүд тайгын зам биднийг урагш хөтөлнө. Монгол орны автозамын газрын зураг авч явсан минь энэхүү зэлүүд нутгаар замаа төөрчихгүй олоход их хэрэг болсон. Тэрхүү газрын зураг дээр машин замын тэмдэглэл, гол, мөрөн, даваа гүвээний нэр тэмдэглэгдсэн байх тул хөдөө хээр зорчихдоо газрын зураг урьд өмнө огт хэрэглэж үзээгүй би хүртэл төвөггүй замаа багцаалчихаж байлаа. Бас нэгэн бяцхан нууц гэвэл холбооны болон цахилгааны шугамын шон дагаад явахад замаас хазайж өөр сум суурин хүрэх аюултай ч юутай ч бүр төөрөхийн зовлон байхгүй. Хөвсгөлийн хойд нутгуудад 2007 онд MCS компаний хийж гүйцэтгэсэн эрчим хүчний өндөр хүчдэлийн шугам тавигдсан нь энэ зэлүүд хязгаар нутгийн ард иргэд гэрэл цахилгаанаар хангагдаж нутгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсаныг нутгийн ардууд талархан ярьж байлаа. Энэхүү Хатгалаас шууд Цагаан-Үүр орох замд зарим газраар жижиг машин явах ямар ч боломжгүйн дээр уулын хормой дагаж, машин ч зөрөх аргагүй нэг талаараа бяцхан цэнгэг устай уулын голоор шахагдсан газраар бараг 40 километр орчим мөлхүүлэв. Жаахан нам дор газар ороод ирэхээр ус шавар намаг нь гишгүүлэхгүй тул нутгийн жолооч хүртэл энэ замаар зун цагт явдаггүй юм байна. Гэвч аяны алтан шар зам өлзийгөө өгсөн үү яасан бид ямар нэгэн сааталгүйгээр урагшилсаар байлаа. Зорьсон газраа ирсэн хойно тэрхүү намаг балчигтай, бартаатай замаар хүрээд ирсэнийг бодоход унасан унаа, жолоодсон эзний сайных биз гэх магтаал нутгийн хүмүүсээс сонсоод урьд алс хөдөөгийн замд явж үзээгүй жолооч маань (миний нөхөр) тун маадгар сууж байлаа. Цагаан-Үүр сум орох замд Чандмань-Өндөр сумаар дайрч өнгөрдөг. Тийш очих гэж зорьсон л машин явах тул замд эл хуль хийгээд бүр нийт аялалын туршид нэг ч машин зөрсөнгүй. Чандмань-Өндөр сумын нутгийг Алун-Гоогийн төрсөн нутаг гэх бөгөөд Аригийн гол (Монголын нууц товчоонд Ариг-Ус гэж гардаг) түүгээр урсана.

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум. Аригийн гол

Аварга хүчтэнүүдийн нутаг Цагаан-Үүр

Цагаан –Үүр сумыг Хөвсгөлийн Хэвэн-Салуугийн уулсаас эх аван Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдын нутгуудаар нийт 331 км газар урсаж Хөвсгөл нуураас эх авах Эгийн голтой нийлдэг Үүрийн голын нэрээр нэрлэсэн аж. Үүрийн гол цайвар шаргал өнгөөр туяарч харагдана. Голын чулуу нь цайвар шаргалаас ч тэрүү холоос цайлалзан цайвартаж харагддагаас голын нэрийг тодотгож Цагаан-Үүр гэж тус сумыг нэрлэсэн бололтой гэж таамаглав. Аялалын явцад бид Сэлэнгэ мөрөн, Орхон гол, Эгийн голоос эхлээд том жижиг олон гол мөрнийг гатлан гарсанаас Үүрийн гол гүүргүй туулсан хамгийн том гол нь байв. Голын өргөн үерлээгүй байхдаа ч нэлээн өргөн барагцаалбал 60 мерт орчим үргэлжилнэ. Хэдэн жилийн өмнө болсон их үерийн улмаас Үүрийн гол дээр тавьсан модон гүүр (уг гүүр Монгол улсын хэмжээнд хамгийн урт модон гүүр байсан гэдэг) нуржээ. Одоогоор уг гол дээр гүүр тавих эсэх ажил сонгуулийн үеэр энэхүү тойрогт нэр дэвшигчдын гол “амалгаа” болсоор нэлээн хэдэн жилийн нүүр үзжээ. Гүүр тавьдаг байлаа ч эдийн засгийн хувьд ач холбогдолгүй гэлцэнэ. Учир юунд вэ гэхээр Үүрийн голоос цааш ердөө хоёрхон багийн мянга хүрэхгүй тооны ард иргэд нутагладаг тул энэ хэдхэн хүний төлөө Үүрийн гол дээр гүүр тавих ажил ч өдий биз дээ гэх нутгийн хүмүүс ч тааралдаж байлаа. Үүрийн гол үерлэвэл Бургалтайн хөндий (Бургалтайн хөндий гэж Үүрийн голын зүүн талаар орших ой хөвчөөр хүрээлэгдсэн хавтгай таваг шиг чимээ нам задгай газрыг хэлдэг. Энэ хөндийгөөр Баруун Бургалтай, Зүүн Бургалтай гэж жижиг голууд урсдаг) нэлдээ усаар дүүрдэг удаа бий гэнэ. Үерийн улмаас хөвж ирсэн гэх өгөршиж гандсан дархи, модны үндэс энэ хөндийгөөр нэг арзайж сэрийн хэвтэх нь сүртэй харагдана. Гүүргүй болсоноос болоод Үүрийн гол үерлэвэл голын цаана боогдох энүүхэнд. Машин маань үерлээгүй байхад нь гармаар нь хамар дээгүүрээ ус хаялуулан гарсан нь урьд өмнө тийм том голоор ингэж машинаараа гаталж үзээгүй бидэнд их сүрдмээр сэтгэл түгшим үйл явдал аян замын адал явдлуудын нэг байлаа.


Үүрийн гол

Үерийн усанд туугдаж ирсэн дархинууд.

Бургалтайн хөндий.

Уйлганы хөндий.

Уншигчид маань энэхүү нутгийг гурван аваргын нутаг (Дархан аварга Дарийн Дамдин, аварга Цэвээнравдан, Бээжин, хурц арслан Бадамсэрээжид, гарьд Баяраа зэрэг алдарт бөхчүүд энэ Цагаан-Үүр сумын харьяат бөгөөд 3 аварга бүр Бургалтайн хөндийн зэргэлдээ орших Уйлганы голд төрж өсчээ) гэдгээр нь андахгүй мэдэх байх. Онгон дагшин байгалийг нь хараад үнэхээр ийм сайхан газар төрж усаар нь ундаалж явсан хүмүүс аварга хүчтэнүүд болохоос яалтай гэсэн бодол орж ирж билээ. Дархан аварга Дарийн Дамдингийн төрсөн ах, хадам ээжийн маань нагацын талын хамаатан саднаас хамгийн өндөр настай нь болох Жамсран гэх цав цагаан сахалтай буурал өвөөтэй золгож үнсүүлсэндээ би вээр тун сэтгэл хангалуун явлаа. Өдий 80 хол гарсан ч ухаан санаа саруул, өндөр янхигар биетэй энэ буурайтай хөөрөлдөж энэ орчмоор нутаглаж асан буриад зоны үүх түүхийг сонсож суух юутай ч зүйрлэшгүй их аз завшаан байлаа. Үүр, Хөх, Уйлган, Ариг, Дархинт, Хар ус, Улиастай, Баруун Зүүн Бургалтайн гол зэрэг гол горхи элбэг энэ нутаг хөвч тайгаар бүрхэгдсэн байгалийн нэн үзэсгэлэнтэй бүсэд оршино. Хамгийн олзуурхууштай нь энэ сайхан нутаг алт эрдэнэс эрэгчдийн хөлд дарагдаж хэвлийгээ сэндийлүүлсэнгүй. Нутгийн уугуул иргэд халх, буриад, урианхай зэрэг олон ястануудаас бүрддэг аж. Уг нь Оросын буриадтай хил залгаа тул буриадууд эртнээс нутаглаж байсан энэ газар Манжийн хаанаас тохоон томилсон “харуулын халхууд” гэж нутгийнхан нэрлэсэн монголчууд 18 дугаар зууны сүүл үеэс ирж суурьшсан аж. Одоо ч цус холилдож цэвэр буриадаар ярьдаг хөгшчүүл тэнгэрт хальж буриадаар ярих хүн бидэнтэй тааралдсангүй. Ханийн маань ээж энэ нутагт төрж өссөн буриад хүн. Эжий минь төрж өссөн гал голомт, эцгийнхээ байшин, хашаа хороог үр ач нарт нь нүдээр харуулж сэтгэл нь тун хөдөлсөн байсан. Тэрээр аян замын туршид хүүхэд насныхаа сэтгэл сэргэм хөгжилтэй дурсамжаа бидэнтэй харамгүй хуваалцаж явсан нь аяны урт замыг дундалахад тун ч зугаатай сайхан байлаа. Нөхөр маань ч гэсэн хүүхдүүддээ нутаг орны сонин сайханыг нэгд нэггүй тайлбарлаж явахдаа таавай тээвэй (буриадууд өвөөгөө таавай, эмээгээ тээвэй гэж нэрлэдэг) дээрээ ирж зун амардаг тэртээ хүүхэд насандаа эргэн зочилж буянтай буурлуудтайгаа сэтгэлдээ эргэн золгосон нь лавтай.

Цагаан-Үүр сумын наадам. Сайхан морьтой хосын уралдаан.

Цагаан-Үүр сумын наадам. Соёолон морины уралдаан. Түрүү магнай, аман хүзүүний морьд барианд орлоо.

Буриад талх хийдэг пийшин.

Арьс элддэг эргүүлэг.

Буриад маягийн амьдралын хэвшил төв халхын монголчуудаас арай өөр өвөрмөц. Сүүгээ хөөрүүлээд өрөм тавихгүй шууд түүхийгээр нь сүүний машинаар машиндаж цөцгий, шингэн сүү хоёрыг нь ялгана. Цөцгийгөөрөө масло буюу цөцгийн тос хийж хэрэгцээнээсээ илүү гарсныг нь худалддаг аж. Энэхүү цөцгийн тосоо буриад талх, ёпоошигтойгоо холиод идэхэд тун сайхан амттай. Нутгийнхан халуун зун сэрүүхэн, өвөл дулаахан дүнзэн байшинд амьдарна. Хөвсгөл нутагт нэг ч монгол гэр хараагүйг бодвол энэ нь мөн л дүнзэн байшингийн соёл, уламжлалтай буриадуудаас гаралтай мэт. Айл бүрийн гадаа нэгэн модон шонтой төстэй зүйлс харагдах бөгөөд сониучирхан асуувал арьс элддэг эргүүлэг юм байна. Энэхүү элдүүрээ эргүүлэн арьс элдэж сур хийж байх тун ажилсаг нэгэн малчин залуутай тааралдсан. Ширээр хийсэн сур малын хөлийг гэмтээхгүй, холгож бэртээхгүй жирийн олс, ялангуяа сүүлийн үед бий болсон синтетик мяндсаар хийсэн уяа татлагаас хамаагүй дээр байдаг тул малаа бодох сэтгэлээр л энэхүү залхуутай бөгөөд хүнд ажлыг хийх юм гэж залуу ярилаа. Малыг малчдад өгсөнөөр хөдөө нутагт мал сүрэг их өссөн бололтой. Малчин өрх бүр дунджаар 10 орчим саалийн үнээ сааж үхэр сүргээ давамгай өсгөж амьжиргааны эх үүсгэвэр болгодог. Байгаль орчны нөхцөл нь үхэр өсгөхөд нэн тааламжтай нутаг аж. Өвөлдөө цас их унах тул хадлан бэлтгэх ажил намрын том ажлуудын нэг. Урьд трактор машин техникгүй үед дунджаар 3 долоо хоног хадлангаа гар хадуур, шимээсгээр бэлтгэдэг байсан бол одоо 4-5 хоногт машинаар хаддаг болсон гэх нь бас л нэг дэвшил. Мөн шар тэрэг хөлөглөн явж гар хөрөөгөөр түлээгээ бэлтгэдэг ажлаа дружба хөрөөгөөр хоромхон хийж хөдөлмөрөө хөнгөвчилсөндөө малчид тун сэтгэл хангалуун. Энэ жил малын түүхий эдийн үнэ шалан дээр унаснаас малчид арьс ширээ зарах бэлтгэх нь утгагүй болсон ажээ. Нэлээн чинээлэг малчин айл 30 гаруй үнээ саах бөгөөд цөцгийн тос, нэрмэл архи, мах бэлтгэх гэх мэтээр эрвийх дэрвийхээрээ зүтгэж байж жилдээ ердөө л 3 сая төгрөгийн орлого олдог гэнэ. Урьд арьс шир түүхий эд, ноос ноолуурын үнэ өндөр байхад байдал арай өөр байсан одоо ч ний нуугүй хэлэхэд бид ч байгалийн баялаг, хөвч тайгынхаа хишгээр л хэдэн жил амьдарлаа даа гэж нутгийн малчин залуу ярьж байв. Хөвчид хятадууд, солонгосууд өндөр үнээр авч эм бэлтгэдэг нэн ховор өвс ургамал, ан амьтан элбэг. Харамсалтай нь хусны чага мөөгийг нь авах гэж байна гээд хусаа огтлоод, баавгай, буга, хандгай, гөрөөс, зэрлэг гахай, хүдэр гээд ховор ан амьтдаа сүүлийн хэдэн жил ширүүхэн алж устгаснаас хөвч тайгын ан амьтан араатан жигүүртэн ховордож чоно элбэгшжээ. Өлсөж гуринхалсан чоно гэгээн цагаан өдөр бэлчээрлэж явсан хонин сүрэг үрүү дайрахыг нүдээрээ харж айх гайхах зэрэгцэж билээ. Сум үнэтэй тул малчид чоно агнахыг нэг их хичээдэггүй гэнэ. Харин хамгийн сонирхолтой нь малчин эзнээс нь илүүтэйгээр хонь уруу дайрсан малын дайсан боохойг тэр хавьцаа бэлчээрлэж явсан үхэр сүргийн манлай болсон бух, шарууд нийлж мөөрөлдөж мөргөсөөр салгаж хөөгөөд гаргахыг харж баясав. Хүүхдүүд маань ч Discovery, National Geography Channel зэргийн амьтдын тухай нэвтрүүлгүүдээс ч илүү сонирхолтой, байгалийн бодит үзэгдэл, зүй тогтлыг харсандаа сэтгэл нь тун догдолсон байсан.

Бургалтайн хөндий. Бороо орлоо.

Бургалтайн хөндий. Агьт, Овоот, Халгайтын бэл.

Бургалтайн хөндий.

Зочлон очсон нагац эгч маань биднийг нэгэн зуны байшиндаа буулгасан бөгөөд энэ байшингаас цааш ямарч айл амьтангүй 50 км орчим яваад Оросын хил бий гэж бодохоор бас сүрдмээр ч юм шиг. Харин энэхүү аглаг хөвч тайгад Мобикомийн утас барьж байсан нь Монгол маань бас ч хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлж л байна гэж бяцхан омогших сэтгэл төрнө. Өвс ургамлын анхилуун үнэртэй цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалж хүний жаргал гэж байгаль эх дэлхийн нууцхан буйдад ингэж л нэг тайтгарлыг олоход оршдог гэлтэй. Хотын чимээ шуугиан, тоос шорооноос ангид өнгөрүүлсэн хэдхэн хоногт алжаал ядаргаа, стресс бухимдал төдхөнөө замхарсан нь хүмүүн биднийг яалт ч үгүй байгалийн нэгэн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг нотлох шиг. Аяллын маань багийн нэгэн гишүүний хошигнон хэлсэнээр энэхүү аялал маань хямралын үед харьцангуй зардал багатай үр дүн өндөртэй амралт болсон төдийгүй монгол ахуйгаас тасран холдсон бидэнд болон үр хүүхдэд маань Монгол эх орноо таньж мэдэх, бахархах сэтгэлийн галыг бадраасанд юунаас ч илүү олзуурхахыг сацуу энэхүү аян замын тэмдэглэлээ үүгээр өндөрлөе.

Улаанбаатар-Эрдэнэт-Булган-Мөрөн-Хатгал-Цагаан-Үүр аяллын маршрут.

Бичсэн Б.Эрхэмбаяр
2009 оны 7 дугаар сарын 05-20-ний өдрүүд.
Цааш нь унших...

Monday, June 22, 2009

Мөнхийн залуу нас

Бүсгүйн амраг түүнийг орхижээ. Амраг залуу нь цэл залуухан 18 настай охины гараас хөтлөөд түүнийг орхин оджээ. Бүсгүй тэр нэгэн орой уй гунигаасаа болон галзуурах дөхөж байлаа. Тэр хэнтэй ч хамт баймааргүй зөвхөн өөрөө өөрийнхөө зүрс сэтгэлийг сонсмоор санагдсан тул үдэш орой болсоныг ч эс тоон чимээгүй мэлмэрэн урсах голын зүг одов.

Шөнийн түнэр харанхуйг гийгүүлэн түг түмэн одод тэнгэрт анивчина. Бүсгүй оддыг тоолон голын торгомсог ногоон зүлгэн дээр хэвтэж байлаа. Одод хэрвээ бүсгүйгээс хүслийг нь асуусан бол үүрд мөнх оддын шивнээг сонсон зүлгэн хөнжилд хөлбөрмөөр. Өтлөх, өвдөх, үхэхийн зовлонг мэдрэхгүйгээр ингээд л эндээ үлдмээр. Марал мичид бүсгүйн үл гүйцэлдэх хүслийг нь сонсож мэдсэн юм шиг доогтойгоор анивчин жирвэлзэх тэр агшинд Үдшийн гялаан урьд урьдынхаасаа хурц тодоор бүсгүйн нүдийг сохлох шахам хурцаар гялбаагаа тусгаад “Ай бүсгүй минь чи надаас юу хүсээ вэ?” гэж зөөлөн дуугаар чихэнд нь шивнэв. Бүсгүй гайхсандаа зог тусаж “ Би арай хий юм дуулаагүй байгаа даа гэж бодтол үүнийг нь батлах гэсэн мэт “Үгүй дээ үзэсгэлэнт бүсгүй минь” гэж дахин шивнэв. Бүсгүй олон юм бодсонгүй “Мөнхийн гоо үзэсгэлэн, залуу насыг минь үүрд мөнх надтай хамт үлдээгээч гэж шивэгнэв. Үдшийн гялаан: - Тэр чинь их хэцүү гуйлт байна. Залуу нас гоо үзэсгэлэн зовлон болох үе хүнд бас ирдэг юм шүү дээ. Охин минь гэхэд Бүсгүй: -Яалаа гэж дээ. Надад л тийм юм хэзээ ч тохиолдохгүй. Би үүрд залуу сайханаараа үлдмээр байна гэв. –За тэгвэл яахав. Гэхдээ нэг л болзолтой би чиний хүслийг биелүүлье. Чи над дээр 80 хүрэхээсээ өмнө хэзээ ч ирж болохгүй шүү гэв. -Бололгүй яахав. Би магад тань дээр хэзээ ч ирэхгүй биз гэж бүсгүй хэлэв. Тэгтэл ч Үдшийн гялаан: -Чи үүрд мөнхийн залуу үзэсгэлэн гоогоо өөртөө хадгалаг гэж хэлээд дахин нэг хурц туяагаа гялбуулаад бүдгэрэн бүдгэрсээр хөхрөн харанхуйлах гүн хөх тэнгэрт шингэн одов.

Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Бүсгүй одоо эмгэн болжээ. Гэхдээ сэтгэл санаа нь. Бие махбодь нь цэл залуу гучин настай үеийнх шигээ. Ханилан суусан хань ижил нь аль хэдэн жилийн өмнө халин оджээ. Эмгэн болсон ч үр хүүхдээсээ залуу сайхан хэвээр байсаар байлаа. Түүний төлөө хэчнээн ч олон харчууд амрагаа орхин залуу нас үзэсгэлэн гоод нь шунан тэмүүлсэн юм. Тэр тоолон хэчнээн ч олон бүсгүй гологдсондоо харамсан гашуун нулимс унагасан юм бүү мэд. Үеийнхэн нь насны намар хэлбийж үсэнд нь мөнгөн сор орж явах цагаар харин бүсгүй залуу харчуудтай амраглаж мөнхийн залуу насныхаа ид хаванд биширч явсан. Аливаа юманд эцэс төгсгөл, хэмжээ хязгаар байдгийн учир эмгэн сүүлийн үед мөнхийн залуу наснаасаа уйдах болжээ. Үеийнх нь хөгшчүүл үрчлээстэй нүүрээ наранд ээн, гадаа нарлан сууна. Дэргэд нь тоглох үр ач нараа дуудан толгойг нь намбатай нь аргагүй үнэрлэн эрхлүүлнэ. Эмгэнд хэдий тийм хүсэл байвч 50 гарсан буурал толгойтой хүүгээ үнсэх гэхээр хүүгийнхээ охин шиг нь харагдах тул ерөөсөө зохихгүй. Эмгэн өнөөдөр үдэш болмогц голын зүг хар гүйхээрээ явж очив. Нас хэдийн 80 шүргэсэн ч нуруу нь бөгтийж хөл нь майжийсангүй тул гол дээр ядах юмгүй явж очив. Тэрээр зүлгэн дээр сөхрөн суугаад Үдшийн гялааны зүг гараа сарвайн: -Ай Үдшийн гялаан чи надад ямар уй гунигтай амьдрал өгөө вэ. Залуу нас гоо үзэсгэлэн минь надад одоо зовлон болж байна. Гил хархан үсийг минь, гоолиг сайхан биеийг минь, тэгшхэн хоёр хөлийг минь бүгдийг аваач гэж хичээнгүйлэн хэлэв. Түүний оронд үр хүүхэд ач зээ минь ээжээ, эмээ гэж хэлэхдээ бусдаас зовохгүйгээр духаа өгөн үнсүүлдэг байвал юутай сайхан. Би зүгээр л мойног хуруугаараа ач, зээгийнхээ үсийг илбэн хааяаа нэг духан дээр нь үнэрлэх буурал толгойтой, үзэшгүй муухай үрчлээстэй нүүртэй эмгэн болмоор байна гэж уйлан хайлан шивэгнэв. Үдшийн гялаан эмгэний энэ үгийг сонсоогүй юм шиг мэлмэрч байснаа гэнэт: -Би чамд сануулсан шүү дээ. Чи мартаа юу гэв. –Үгүй дээ үдшийн гялаан минь. Би тэр үед тэнэг байж. Надад одоо мөнхийн залуу нас гоо үзэсгэлэн хэрэггүй гэж чангаар хэлээд тун өрөвдөлтэйгээр мэгшин уйлав. Үдшийн гялаан чив чимээгүй жирвэлзэн эмгэнээр доог тохуу хийх шиг. Эмгэн голын ногоон зүлгэн дээр хэчнээн ч удаан уйлж хэвтсэн юм бүү мэд. Сая л нэг сэхээ аван үсээ илбэн засаад харихаар өндийлөө. Гэнэт гарт нь торгомсог зөөлөн үснийх нь оронд ширүүн хатуу хэдэн хялгас тэмтрэгдэхэд эмгэн учиргүй гайхан гараа нүдэндээ ойртуулан харвал үенүүд нь томбойж эвдэрсэн мойног хуруунууд харагдав. Эмгэн баярласандаа ухасхийн босох гэтэл шууд босч чадсангүй хэсэг зуур дороо бүдчив. Эхлээд өвдөглөн сууж хүчлэн өндийгөөд хөл дээрээ арай ядан боссон ч эмгэн гэрийн зүг баяртай нь аргагүй майжигнан алхав. Харин голоос гэр хүртэл урьдных шиг тийм ч амархан байсангүй.


Б. Эрхэмбаяр

Улаанбаатар хот

2009 оны 6 дугаар сарын 22. Цааш нь унших...

Monday, May 25, 2009

Тал нутаг минь бидний жаргалын өлгий

Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад .... гэж Хулан найрагч нэгэнтээ дуу алдсансан. Яагаад ч юм сүүлийн үед монголынхоо тал нутагт эрх дураараа зүгээр л нэг амьдрахсан гэх хүсэл төрөх боллоо. Магадгүй Улаанбаатар хотын агаарын бохирдол, ажлын стресс, ачаалал энэ бүхэнд бодитоор нөлөөлж байгаа байх л даа. Хаврын урь орохтой уралдан хотын утаа униар, дуу шуугианаас түр ч атугай хагацахаар хөдөө нутгийн зүг хөлгийн жолоо заллаа. Хөдөө талын хүмүүсийн инээх нь хүртэл үнэн. Бүр нэг сэтгэлээсээ аз жаргалтай инээд алдана. Нар салхинд онгож гандсан хүрэн бор царай нь Монгол орны минь эрс тэс уур амьсгал, цаг агаар, талын салхитай хослоод ёстой л нэг байгаль эхийн урласан онгон төрх. Монгол орныхоо сайхныг бага залуу байхдаа даан ч мэддэггүй байж дээ. Хөдөө явахаар шороо тоос дарна гэж халширан боддог байснаа бодохоор ёстой л юм үзээгүй амьдрал мэдэхгүй байж дээ.

“Уурга” гэж Өвөрмонголд зургийг нь авсан Оросын кино найруулагч Никита Михалковын кино байдаг даа. Стокгольмд танилцсан нэг швед эмч бүсгүй намайг Монгол гэхээр “Би Уурга кинонд их дуртай” гэж билээ. Тухайн үед би Монголынхоо үнэт баялаг онгон тансаг байгаль хүн байгалийн зохицоог үнэлж мэддэггүй байсандаа ч тэр үү Монгол гэхээр л нэг хөдөө талын зэрлэг хүмүүсийг дандаа ярих юм гэж дотроо бодоод жаахан дурамжхан л байлаа. Гэхдээ тэр эмч бүсгүй бүр нэг үнэн сэтгэлээсээ биширсэн байдлаар монголын тал нутгийн амьдрал сайхан байхаа. Би тэр киног үзсэнээс хойш монголд очиж үзэх юмсан гэж дандаа бодох болсон гэж ярьсан. Тэрээр худлаа хэлээгүй нь нүүрэн дээр нь бичээстэй байсан тул надад бас нэгийг бодогдуулсан. Хожим бодоод байхад нээрээ л монголчууд бид юугаараа жаргалтай вэ гэдгээ олж харах шиг болсон.

Бид онгон тал нутгийнхаа нар, салхины элч энергээр тэжээгдэж явдаг хүмүүс. Хөдөө талд очоод салхины анир сонсоход юутай сайхан. Дээр тэнгэрт нар, хөл доор газар, тэгээд би өөрөө. Үлээж байгаа салхи нь үнсээд ч байгаа юм шиг .....гэдэг шүлгийг бага байхдаа бишгүйдээ л нэг уншиж тэр ч бүү хэл цээжилж явсан ч үнэн утга учрыг нь одоо л нэг хагас хугас ойлгох шиг.

Бидний замд хонь хариулж явсан нэгэн эмэгтэй тааралдав. Насаар миний үеийн л байх. Бараг надаас дүү ч байж мэднэ. Түүнээс зам асуух зуур хэсэг хөөрөлдөв. Танан цагаан шүдээ нарны гэрэлд туяартал инээмсэглэх сайхан бүсгүй байв. Эрүүл цагаан шүд нь бүр атаархал хөдөлмөөр. Хотын биднийх бол яаж ч угааж арчлаад ийм сайхан байхгүй дээ. Нүүр царай нь нар салхинд онгож борлосон ч түүний гоо үзэсгэлэн хэн хүнийг бишрүүлмээр нэг л өвөрмөц. Нүдний харц нь цаанаа л нэг тайван дөлгөөн бас аз жаргалтай. Бүсгүй 8 дугаар ангиа төгссөнөөс хойш мал маллаж байгаа гэнэ. Миний тааварлаж байснаар нээрээ насаар надаас хамаагүй дүү юм. Хэсэг зуур амьдрал ахуй ойр зуурын зүйл хөөрөлдөхөд надтай дуртай нь аргагүй ярилцлаа. Бүсгүй бөглүү зэлүүд газар амьдардаг гэхэд ярьж хэлж байгаа нь даацтай цаанаа л нэг амьдралын ухаантай хүн байна. Одоо дөрвөн хүүхэдтэй гэнэ. Ийм олон хүүхдийн хажуугаар мал маллах хэцүү юу гэвэл тэрээр сурчихсан юм болохоор болоод л байна. Хөдөө хавар мал төллөх тарчиг цагаар л жаахан хэцүү. Бусдаар бол сайхан шүү. Хэдэн малын буян болоод л байдаг юм гэв. Хот ордог уу, хот ямар санагддаг вэ гэж асуувал. Хотод ч үзэх харах юм ихтэй сайхан л юм билээ. Гэхдээ л хөдөөгийн бидэнд бол тааваараа алхах газаргүй, машин тэрэг нь дайрч алчих гээд, бензин тосны үнэрт дотор бачуураад ээ дээ горьгүй санагдсан гээд цайлганаар инээмсэглэв. Өврөөс нь нэлээн элэгдэж хуучирсан номны булан цухуйсанд би сониучирсан асуувал тэрээр нэлээд хуучирсан “Саран чулуу” гэж ном гаргаж ирэв. Би бага байхдаа уншиж байсан ном байсан тул энэ ном таалагдаж буй эсэхийг асуухад “Эмэгтэй хүн уншууштай л ном” гэж тов хийтэл нь хариулав.

Бүсгүй биднийг яараагүй бол орж цай уугаад явахыг урив. Хонь хотлох дөхөж байгаа тул би та нарыг цайлж амжих байх. Хонь сайхан тогтож байна гэв. Аяны бид ч халуун цайны сургаар уухайн тас тэгье гэж зөвшөөрөв. Тэднийх хадам аавынхаа хамт хоёулаа 600 орчим бог малтай товхийсэн амьдралтай айл байв. Хоёр том хүүхэд нь сум дээр сургуульд сурдаг. Бага хоёр нь гэртээ байв. Биднийг ирсний дараахан нэгэн залуу дуу аялсаар гэрийн гадаа уяан дээр буусан нь бүсгүйн нөхөр аж. Хотын залуучуудыг бодвол туранхай шавилхан биетэй ч хөвөнтэй зузаан дээл өмссөн нь түүнийг бас ч овоо сүрлэг биерхүү харагдуулна. Залуу гэрт орж ирээд бидэнтэй мэнд мэдээд гэрийн эзэгтэйд хандан хонь сайхан тогтож налайгаад өнөөдөр чинь харин нэг хангай дэлхий биднийгээ овоо харж үзэж байх шив гэж хэлэв. Залуугийн яриа хотын биднээс өөр ч мань хүн нэлээн хошин шогийн мэдрэмжтэй хэлэмгий нэгэн бололтой. Хаврын хавсарга дундуур энэ хол газар юу хийж явна гэж биднээс асуув. Бид ч цаг агаар сайхан байгаа тул агаарт гарч зүгээр шахам тэнэж яваагаа ч нуусангүй. Газар мэдэхгүй байж хаврын тэнгэрт найдаж энэ хол газар явдаг бас их болчимгүй улсаа гэж хэлээд биднээр даажигнан хүр хүр хийтэл инээв. Гэрийн эзэгтэй бидэнд хонины өтгөн сүүгээр тос хөвсөн сайхан аагтай цай чанаж өгөв. Гал дээр чанасан цай нэг л сайхан амттай гэртээ чанаж уудаг цайнаас арай л өөр санагдана. Эзэгтэй биднийг “хүүе” гэхийн завдалгүй тогоон дээрээ ус хийж нүдсэн борц үйгээд гурилтай шөл хийж бас дайлав. Хоолоор яах нь вэ дээ бид түрүүхэн хооллочихсон гэж ажил ихтэй хүмүүст төвөг удсандаа жаахан санаа зовнин хэлвэл гэрийн эзэн хээрийн хүмүүс хээгүй нь дээрээ гээд халгаасангүй.
Ув улаан хацартай хоёр жаахан охин нь эхлээд биднээс жаахан бишүүрхэнгүй байснаа удалгүй дуу шуу орж манай охинтой тоглож эхлэв. Эднийх ажил төрөлтэй гав шув хийсэн хөдөлмөрч улсууд бололтой. Хуурай элс шороо малын бууц гадаа нэл хөглөрч байвч гэр нь тун цэвэрхэн. Тэднийхээс гарахдаа одоо цагт үнэ хөлс гэхгүй жинхэнэ монгол зангаар биднийг хүндэтгэн хүлээн авч дайлсанд яагаад ч юм тэдэнд нэг л өртэй юм шиг санагдаад болсонгүй. Гэрийн эзэгтэй ном унших дуртайг санан машин дотор дэл сул ном байвал гэсэн бодол толгойд орж ирсэнд гарч хайвал ашгүй Номин дэлгүүрийн овоо зузаан сэтгүүл бас нэг уран зохиолын ном ашгүй байж таарсанд гэрийн эзэгтэйг уншаарай гээд дурсгав. Эзэгтэй тун баярлаж: -Хааяа сайхан нарлаг өдөр хонины бэлчээрт ном уншиж суухад сайхан шүү. Гэртээ байгаа хэдэн номоо бүгдийг бараг хэд дахин уншчихсан гээд миний бэлгэнд тун олзуурхангуй байсанд би ч бас баярлаж орхив.

Тэдний хот айлаас хөдлөхөд нар уулын цаагуур орох дөхөж байлаа. Жаргах нарны туяанд хоёр сөөсгөр охин, гэрийн эзэн эзэгтэй хоёр биднийг гар далласаар үдэж хоцров. Яагаад ч юм гэрийн эзэн, эзэгтэйн амьдрал тэдний хоорондын харьцаа надад Уурга киноны баатруудыг өөрийн эрхгүй санагдуулаад байв. Тэдний хот айлыг орхин явах замдаа ахуй амьдрал, аж байдал биднээс тэс ондоо ч нэг гэрийн эхнэр нөхөр хоёрын эгэл жирийн бөгөөд аз жаргалтай монгол амьдралд бас өөрийн гэсэн өвөрмөц гоо сайхан, аз жаргал нуугдаж байдгийг бүр ч ихээр мэдэрсэн. Энэхүү тал нутгийн монгол ахуй, хөдөөгийн амьдрал хэн хүнийг даллан дуудах увидастай мэт. Тэр тусмаа нүүдэлчин удамтай монголчууд бидний сэтгэлийн гүнд байх зөн совинг минь сэргээх шиг. Яахын аргагүй онгон сайхан тал нутаг минь л бидний жаргалын өлгий юм даа.

Б.Эрхэмбаяр

2009 оны 4 дүгээр сарын 5 Цааш нь унших...

Friday, April 3, 2009

Хүүхэд насны дурсамж

Хүүхэд нас минь дэндүү аз жаргалтай сайхан өнгөрсөн. Хүүхэд насыг минь тийм сайхан жаргалтай байлгасан миний ойр дотны олон сайхан хүн байдаг. Тэдний минь дотроос хүн болж төлөвших амьдралыг ухаарч танихад бие сэтгэлээ зориулсан хайрт хүмүүсээ дурсахгүй байхын аргагүй.

Эмэг эх

Эмэг эх шавилхан биетэй, цайвар царайтай үг дуу цөөтэй хүн байсан. Багаасаа эхээс өнчрөн хоцорсон. Айлын том охин тул хэдэн дүү нартаа гол өмөг түшиг нь болж ээжийн оронд ээж болсон хүн. Эмэг эхийгээ би хараал эвгүй үг хэлэхийг нь нэг ч удаа сонсоогүй дуулаагүй. Хааяахан өөдөөс нь үг сөргөлдөхөд “Цөг гэм” гэсэн ганцхан үг л хэлнэ. Тэр бол эмэгийн хамгийн муу үг. Эмэг тэр үгээ хэлэх вий гэхээс битүүхэн эмээнэ. Өөрийн зургаан хүүхдээ өсгөн хүмүүжүүлсэний зэрэгцээ, ач гуч нараа ч бүгдийг өсгөлцөж бойжуулсан асар их хөдөлмөрч нэгэн. Социализмийн үед ажил ихтэй аав, ээжүүдийг маань эзгүйд эмэг эх л биднийг зохицуулна. Эмэг эх уг нь малч удамтай. Нэгдэлжих хөдөлгөөний үед малаа нийгэмчлээд хүүхдүүдээ хот суурин газар бараадуулж сургуульд оруулахаар ирсэн гэдэг. Эмэгтэй хүн гэхэд алсын хараатай тулга тойрсон хов жив огт ярьдаггүй гүдэсхэн, эршүүд ч юм шиг зантай хүн байж билээ. Нөхцөл бололцоо нь байгаад сургууль эрдмийн мөр хөөсөн бол эмэг эх маань одоо үеийн биднээс дутахгүй боловсролтой нэгэн байх байсан даа гэж би боддог юм. Амьралын хар ухаанаар бол хэнийг ч дагуулахгүй нэгэн байж дээ. Биднийг хүүхэд байхад ойролцоо дэлгүүр үрүү явуулна. Дэлгүүрээс ирэхэд эмэг: “ –За дэлгүүрт юу байна” гэж заавал асуудагсан. “–Юу ч алгаа” гэвэл “Миний хүүхдүүд битгий тэгж бай юу ч үгүй болно гэдэг чинь шал өөр зүйл байдаг юм шүү дээ” гэнэ. Ерээд оны эхээр дэлгүүрийн лангуу дээр шороотой бор давснаас өөр юу ч үгүй болсон тэр үед л эмэг эхийн тэр үг санаанд орж нээрээ л юу ч үгүй болно гэж үүнийг л хэлдэг юм байна даа гэж бодогдож билээ.
Намайг 10 дугаар анги төгсөх үед эмэгийн бие гэнэт өвдлөө. Хорт хавдар гэсэн онош гарчээ. Хичээл тараад өдөр болгон эмэг эхийгээ эргэнэ. Намайг ирэхийг, хаалга нээхийг миний чимээнээр л мэднэ. “Аа миний охин уу. Даанч их зөөлхөн алхаатай хүн байсан юм” гэнэ. Намайг очих тоолонд эмэг “Буурлынх нь царай ямар байна” гэж асууна. Бодвол биеэ дордоод байгааг мэдээд хүүхэд үнэнийг хэлэх байх гэж боддог байсан байх. Би эмээгээ усанд оруулна үсийг нь угаан самнаж өгнө. Эмэг тэгэхэд их баярладагсан. Миний охины гар их зөөлхөн гэж ирээд л намайг магтаж ядрангуй царай нь гэрэлтэж инээмсэглэнэ. Биднийг нэг их үнсэж үлгээд байхгүй ч ёстой амьралын үнэнийг зөнгөөр минь ойлгуулсан хүн.
Хайр нь дотроо хал нь гаднаа миний эмэг эх.

Эцэг

Би аавынхаа гучин долооны жил дээр гарсан гэдэг. Нэг жилтэй болоод ч тэрүү аав бид хоёр их олон зүйлээр өөр хоорондоо ижил төстэй. Хүнтэй нийтэч зан, зоримог өөртэй итгэлтэй байдал, хэн бүхэнтэй нээлттэй харьцдаг, жаахан түргэндүү ааш гээд би ааваас түүний зан чанарыг илүү дуурайсан юм шиг санагддаг. Тэр ч бүү хэл эмэгтэй хүүхэд байж аавынхаа явдлыг ч дуурайсан гэж ээж маань хэлдэг юм. Эцэг цаг наргүй ажилтай цэргийн хүн байлаа. Бага байхдаа айлын аавууд ажлын цаг дуусаад л гэртээ ирсэн байхыг хараад миний аав тэгдэг ч болоосой гэж их боддогсон. Цэргийн дүрэмт хувцасаа тун дэгжин цэвэрхэн өмсөнө. Толийтол нь индүүдсэн цамц, өмд, бараг нүүр харагдтал тосолсон савхин гутал тэргүүтэй цэргийн дүрэмт хувцас нь ч аавд минь тун сайхан зохино. Төрийн хувцасыг цэвэрхэн эдлэх ёстой гэж үзнэ. Хүн ядуу байж болно харин хиртэй, бохир явж хэзээ ч болохгүй гэж бидэнд сургана. Үеийнхэн нь найз нөхөд нь “Ганган Бааяа” гэдэг байсныг бодоход аав маань тухайн үедээ жинхэнэ жентельмэн залуу байсан байх. Өдий хүртэл аав шигээ цэвэр цэмцгэр, нямбай эр хүнийг хараагүй гэхэд болно. Бас эрэгтэй хүн гэхэд хар ажилд эвдрээгүй цэвэрхэн цав цагаан гартай хүн байсан.Аав тусгай албаны хүн байсан тул гэрт маань жижигхэн төмөр авдар байна. Түүндээ нууцлалтай зүйлүүдээ хадгална. Тавын дэвтэр гэж хэлж заншсан зузаан дэвтрүүдийн хуудсыг бүгдийг дугаарлан цоолж бүдүүн цагаан утсаар холбоод арын хуудас дээр нь “Бүгд хуудас тэд” гээд нууцлал хийн зангидна. Сэйф дотор нь тиймэрхүү дэвтрүүд олон байна. Аавын сэйфэнд ааваас өөр хүн хүрэхгүй. Тэр ч бүү хэл сэйфээ утас татаад лацдана. Нэг удаа цэцэрлэгээс ирэхэд аавын сэйфийг танихгүй ах онгойлгоод сууж байхыг хараад байж боломгүй зүйл хийж буй тэр ахад дөхөж очоод: “Та яагаад аавын юмаар оролдоод байна” гэж асууж билээ. Харин түүний хажууд байсан аав чангаар инээгээд энэ ах нь аавынх нь шавь байгаа юм бас аавтай нь хамт ажилладаг хүн гэж намайг тайвшруулж билээ. Аав маш их ой сайтай. Юмыг мартаж санана будилна гэж бараг үгүй. Тэмдэглэлийн дэвтэр энэ тэр хөтлөхийг угаасаа ажлын шаардлагаар зөвшөөрдөггүй тул бүгдийг толгойдоо тогтоодог гэж нэг удаа ярьж байсан. Бодвол аавын энэ ажигч гярхай зан түүний мэргэжилтэй холбоотой байсан ч байх. Аавд жинхэнэ макаров гар буу байна. Сониуч зандаа хөтлөгдөж сэйфнээс хааяа гаргаж ирэх буунд нь хүрч үзмээр санагдана. Нэг удаа тэсэлгүй би бууг чинь барьж үзье гэв. Аав над руу нэг том харж инээснээ миний охин хоёр гараараа барихгүй бол даахгүй гэж хэлэв. Жижигхэн тэр буу тийм хүнд байна гэж огт төсөөлөөгүй би бараг хоёр гараараа өргөөд ч алдах дөхөж билээ. Аав маш олон найзтай. Бидэнд захих дуртай үг нь “Миний хүүхдүүд олонтой түмэнтэй яв. Олон түмэнтэй хүн хэзээ ч ажрахгүй гэж захина” Энэ үг бол аавын минь амьдралын философи байсан. Тэгээд ч тэр үү манайд зочид тасардаггүй айл байлаа. Аав, ээжийн найзууд, гэр бүлийн найзууд, ах дүү хамаатан садан гээд манайхаар маш олон зочин ирнэ. Тэр дундаа аавын найз цэргийн гоё гоё ах нар их ирдэгсэн. Орой хичээл тараад ирэхэд аавын найзууд ирсэнийг тамхины үнэрээр бараг үүдэн дээрээс мэднэ. Аав тамхи огт татдаггүй тул тамхины үнэр их содон үнэртдэг байж билээ. Аавын найзууд гэрт ирвэл сайхан зүйл ярина. Би тэдний ярьж буй зүйлийг сонсох их дуртайсан. Одоо ой тойнд үлдсэн зүйлээс гэвэл Бал дарга тэгэхэд тэгсэн гэнэ лээ ингэхэд ингэсэн гэсэн гэх яриа бүүр түүр үлдэж. Аав Москвад цэргийн сургуульд сурч байхад нь Бал дарга очиж оюутнуудад яриа хийсэн тухай ярьдаг байв. Тэр яриа дээр Бал дарга гадаад эхнэр (гадаад эхнэр ч юу байх вэ дээ орос эхнэр) авсаны хэрэггүй гэж оюутнуудад аминчлан захьсан гэдэг. Би дотроо Бал дарга өөрөө орос эхнэртэй байж яагаад тэгсэн юм бол гэж бяцхан оюундаа бодож байсан ч удаатай.

Эх

Ээж маань тогтуун, дөлгөөн, даруухан бас ажилсаг эзэгтэй байсан. Маш их тэвчээртэй хүн шиг санагддаг байлаа. Алдаа эндэгдэл хийсэн хэнийг ч болов уучлах энэрэнгүй сэтгэлтэй. Ээж маань ёстой 7 хэмжиж нэг огтолдог хүн байсан. Эмэгтэй хүн гэхэд нэг их гангалж дэгжирхээд байдаггүй тул би хүүхэд байхдаа ээжийгээ бусад эмэгтэйчүүд шиг нүүрээ будаасай гэж боддог байж билээ. Харин их цэвэрч нямбай хүн байсан. Гаднаа гяланцаг дотроо паланцаг нүд хуурсан юманд их дургүй. Юмыг маш олон талаас нь харж дүгнэнэ тэр талаараа ааваас маань хамаагүй илүү байсан бололтой. Аав гэр бүл, бидний амьдралтай холбоотой чухал шийдвэр гаргахдаа ээжтэй байнга зөвлөдөг ээжийн амыг их хардаг хүн байсан шиг санагддаг. Санаачлагыг бол мэдээж аав гаргана. Гэхдээ ээжийг 100 хувь хүлээн зөвшөөрсөн үед л сая хэрэгжүүлдэг байсаныг бодоход ээж их ухаалаг эзэгтэй байсан болоод л тэгдэг байсан байх. Хүүхэд байхад ээж өглөө эрт босож цайгаа чанаад аавтай дүнгэр дангар хийж хөөрөлдөх нь шинэ өглөө эхэлсэнийг нойрон дунд зарладагсан. Арай томхон болсон байхдаа өглөөний энэ яриан дунд өөрийнхөө нэр гарвал чих тавин сэмхэн чагнана. Сайнаар хэлж байвал дотроо битүүхэн онгирно. Жаахан эвгүй зэмлэнгүй байдлаар хөөрөлдөж байвал тэсэхгүй биеэ өмөөрч сэм үг чагнасан гэж зэмлүүлнэ. Ээж нэг их сайхан зүйр үгнүүд оролцуулж ярьдаг хүн байсан. Өөрөө хэлэх нь өвөг ааваасаа сурсан гэх. Ээж айлын хамгийн том охин. Дүү нар нь ээжийг их хүндэлнэ. Өөрөө ч дүү нартаа халамжтай сайхан эгч нь байдаг байлаа. Ээжийгээ бусдын талаар нэг ч удаа муугаар ярьж байхыг, хүнтэй хэрэлдэж муудалцаж байхыг сонсоогүй. Энэ талаараа ээж эмэг эхтэй их төстэй. Заримдаа дэндүү тэвчээртэй хүлээцтэй байдал нь хэтэрхий номхон хүлцэнгүй юм шиг санагдаж жаахан том болсон байхдаа ээжтэйгээ үг зөрдөг удаа ч байдаг байсан. Тэр болгонд ээж эвээр ухааруулж сургана. Дараа бодоод байхад ээжийн хэлсэн яах аргагүй л үнэн байдаг. Гэхдээ ээж минь зөөлөн хирнээ бас их хатуу хүн байсан. Зөөлөн нь хатуугаа иддэг хорвоо гэж ярьдаг даа. Хэн хүнд зөөлнөөр ухаалгаар тайлбарласаар байгаад л үгэндээ оруулж дөнгөдөг хүн байлаа. Бүсгүй хүн гэхэд аливаа юмны логик учир холбогдлыг ойлгохдоо гаргуун хүн байж билээ. Ээжийн минь эвсэг зөөлөн зан чанар миний бас хаа нэгтээ нуугдаж л байдаг юм шиг санагддаг. Ядарсан зүдэрсэн хүмүүст нинжин сэтгэлээр хандана. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусласан нь дээр гэж ээж минь дандаа хэлдэгсэн. Ээжээсээ би хүнийг хайрлах энэрэх өр нимгэн сэтгэлийг нь авсан гэж боддог. Миний ээж хар хорын сэтгэлгүй үр хүүхэд бид нартаа бол бодь сэтгэлтэй, бурхан шиг хүн байсан даа. Ээжийнхээ талаар бичих гэхээр сайхан үг ч хүртэл дутах юм даа тийм л сайхан эгэл жирийн эх хүн байсан.

Нагац ах

Нагац ах маань ээжийн маань хамгийн бага дүү. Өндөр туранхай гялалзсан сайхан ах байсан. Хааяа онгирохоороо би та нарын нар шиг ганц нагац шүү гэнэ. Нагац ахтай холбоотой дурсамж түүний цэнхэр ногоон өнгөөр туяараад байдаг цахилгаанд залгаж хэрэглэдэг тооны машиныг авах юмсан гэсэн хүслээс эхтэй. Нагац оюутан байхдаа манайд ирнэ. Тэр үед оросын билүү германы ч билүү цахилгаанд залгадаг тооны машин байдаг байсан. Нагац ах банк, санхүүгийн хүн болохоор тэр тооны машинаасаа салахгүй. Тэр тооны машин нь тэр үедээ бол бидэнд нөөтбүүк шиг эд байж. Нагацийг нэг удаа ирэхэд нь би тоогоогүй цай ч хийж өгөөгүй юм байх. Орой ээжийг иртэл цай ч үгүй царай ч үгүй л суугаад байж л дээ. Тэгсэн орой ээжийг ажлаас иртэл танай охиныг цай хийж өгсөн бол энэ тооны машинаа өгөх байсан тэгээгүй тул одоо яахав дээ гэж байна. Сургуульд ч ороогүй жаахан хүүхэд байсан болохоор тоглож байгааг нь мэдэхгүй нөгөө шохоорхоод байсан тооны машинаа авах боломжоо алдсандаа маш их харамсаж билээ.
Нагац маань миний амьдралд их нөлөөлсөн хүн. Би дунд сургуульд байхдаа эмч болно гэж боддог байсан юм. Аравдугаар ангиа бараг төгсөх хүртлээ эмч болно гэж мөрөөдсөн. Харин ээж маань миний охин их аймхай хүүхэд үхсэн хүн харж чадах болов уу даа гэж санаа нь зовдог байлаа. Намайг 10 дугаар ангид сурч байсан нэг орой нагац гэрт ирлээ. Ямар сургуульд шалгалт өгөх гэж байгааг сонирхож байна. Би ч эмч болно гэдгээ л хэлчихлээ. Харин нагац уг нь миний дүү банк санхүүгийн хүн болвол их зүгээр дээ гэж байна. Тэр цагаас хойш нээрээ эдийн засагч болвол гэх бодол толгойд орж ирэх болсон. Шалгалт өгөөд яг хуваарь авахын өмнөх орой нагац мөн л манайд ирлээ. Би элсэлтийн шалгалтын оноогоор 3 дугаарт жагсаж байсан санагдана. Тэгтэл нагац уг нь нэгдүгээр байранд орсон бол төлөвлөгөө эдийн засгийн анги их зүгээр дарга болдог юм гэж байна. Гэхдээ л банк санхүүгийн анги сайхан шүү дээ гэж байна. Бодвол надад өөрийнхөө мэргэжлийг эзэмшүүлэх бодол бас дотор нь байсан байх. Би ч маргааш нь хувиараа авах боллоо. Нэгдүгээрт орсон хүүхэд төлөвлөгөө эдийн засгийн ангийг нь авчихав. Харин би банк санхүүгийн ангиа авлаа. Ерөн оны хавар бид бараг л социализмээрээ байсан юм шүү дээ. Банк зөвхөн нэг шатлалт тогтолцоотой. Харин намайг оюутан болж нэг хоёрдугаар курст сурч байхад банк санхүү эдийн засгийн систем үндсээрээ өөрчлөгдөж эхэлсэн. Тэр үед нагац маань ч гэсэн тушаал дэвшиж Төв банкинд том албан тушаалд томилогдсон. Надад одоо юм их өөр болно. Миний дүү их азтай хүүхэд гэдэг байж билээ. Харамсалтай нь нагац маань нас богинотой хүн байж. Би дээд сургуулиа төгсөөд тэр үеийн томоохон арилжааны банкинд ажилд орлоо. Нэг системд ажилладаг болохоор хааяа нагацтайгаа уулзаж ярилцана. Монголд төгссөн нэг дээд сургууль юу ч биш. Дахиж сургуульд сур. Англи хэлээ сайжруул гэж нагац маань бараг уулзах болгондоо хэлнэ. Би хэдийн 20 гарсан ч амьдралын туршлагагүй байсан тул нагацын үгийг нэг их тоодоггүй байлаа. Нэг өдөр ах чинь эмнэлэгт тун муу байна гэх сургаар яаран очвол нагац маань даралт харваад ухаангүй эмнэлэгт очжээ. Ажил дээрээ бүр хурал дээр бие нь муудаад харвалт өгсөн дөө хөөрхий. Ёстой тэр үеийн ороо бусгаа нийгмийн банкны системийг хөл дээр нь босгоход өөрийн амь насаа зориулсан хүн гэхэд хилсдэхгүй. Түүнийг өнгөрсний дараа уйлж харамсахын хажуугаар миний дотор нэг бодол төрсөн юм. Юу вэ гэхээр ахынхаа захиж байснаар заавал гадагшаа явж боловсрол эзэмшиж жинхэнэ банкир болно гэж. Нас маань 20 гарсан байсан ч анх удаа миний дотор том хүн шиг зорилго төрсөн маань тэр. Нагац маань ийм л үлгэр дууриал авахаар нар шиг сайхан хүн байсан юм.




Багш

Намайг нэгдүгээр ангид байхад хичээлийн дундуур нэг жавхаалаг бүсгүй орж ирээд ангийн багштай шивнэлдэн ярьж байсанаа биднийг сургуулийн биеийн тамирын заал уруу жагсаалаар авч одлоо. Зааланд оруулаад дүрэмт хувцсыг минь тайлуулж жагсааж зогсоолоо. Жагсаал дундаас намайг бас манай ангийн нэг хүү нэг охиныг урагшаа гарч ирэхийг дуудав. Тэгтэл тэр залуухан эмэгтэй багш миний гарнаас дэмнээд шпакат суулгахаар сунгалтын дасгал хийлгэв. Би их уян хүүхэд байсан юм. Уран нугараач хараад түүн шиг эрүүн дээрээ тогтоно гээд хоёр хөлөө толгой дээрээ давуулаад толгойныхоо хажуу талд гараараа барьчихдаг байсан тул ядах юмгүй шпакат суучихлаа. Тэгсэн нөгөө эмэгтэй: -Энэ хараа их уян охин байна гэж хажуудаа байгаа нэлээн настайвтар эмэгтэйд хэллээ. Нөгөө настайвтар эмэгтэй нь миний хөл гуяны булчинг үл мэдэг чимхэж үзээд: -Бас их шөрмөслөг юм. Ийм хүүхэд хэзээ ч таргалдаггүй юм гэж байна. Тэгсэнээ ээж аав нь тарган уу туранхай юу гэж бас асуув. Би ч үгүй л гэлээ. Тэгсэн нөгөө гоё залуухан багш нь : -Чи спортын гимнастикаар хичээллэх үү гэж асуулаа. Би спортын гимнастик гэж юу байдгийг сайн мэдэхгүй тул юу гэж хариулахаа ч мэдэхгүй дуугүй л байлаа. Тэгтэл багш маргааш танай сургуулийн зааланд үзүүлэх тоглолт болно чи заавал ирж үзээрэй гэв. Орой хариад ээж аавд хэлээгүй санагдана. Гэхдээ хичээл эхлэхээс өмнө тоглолт нь болох байсан тул нөгөө гоё багшийг хармаар санагдаад явж очлоо. Харин багш надтай насаар арай эгчмэд хоёр охиныг танилцуулав. Тэр хоёр охин үзүүлэх тоглолт хийх юм гэнэ. Тэр үзүүлэх тоглолтыг үзээд би ёстой мэл гайхаж цэл хөхөрсөн. Ийм гоё бас хэцүү зүйлийг хүн яаж хийж сурдаг байнаа гэж гайхан бодож билээ. Тухайн үед тэр хоёр шиг ингэж сурах юмсан гэх хүсэл намайг эзэмдсэн. Багш чи спортын гимнастикаар хичээллэвэл энэ хоёр охин шиг ийм мундаг болно үүнийг хийж сурна гэж байна. Тэгээд аав ээжтэйгээ сайн зөвлөөрэй аав ээжийгээ багштайгаа уулзуулаарай гэв. Орой хариад аав ээж хоёртоо энэ талаар ярилаа. Ээж их дуртай байна. Тэг тэг спортын секценд явахад буруу юу байхав гэж байна. Харин аав жаахан дурамжхан байгаа шиг санагдсан. Гэхдээ тэр хоёр эцэст нь хоёулаа зөвшөөрч багштай уулзахаар болсон. Би багадаа их хоолондоо муу хүүхэд байж л дээ. Бүр том болсон хойноо ч ээжээр халбагадуулж шахуулж оройн хоолоо иддэг байлаа. Тэгээд ээж маань спортоор хичээллэвэл хөдөлгөөн ихдээд ядаж хоолондоо сайн болох байх гэж бодож л дээ. Тэгээд хожим сонсоход аавыг тэгж ятгасан байгаа юм. Аав маань бэртэж гэмтэх вий гэж болгоомжлоод дургүй байсан гэсэн. Ингээд би нэгдүгээр ангийнхаа хавраас эхэлж гимнастикийн дугуйланд явдаг болов. Багш маань их золбоолог сайхан эмэгтэй байсан. Одоо бодоход дөнгөж л багшийн дээд сургууль төгссөн гэр бүл үр хүүхэд ч үгүй цэл залуухан хүн гэхэд түүний сурган хүмүүжүүлэх авъяас чадвар гайхалтай хүн байсан санагддаг юм. Биднийг бүгдийг хүүхэд шигээ хайрлаж маш дотно харьцана. Дандаа л миний охин гэж дуудна. Үр хүүхэд гаргаагүй залуухан хүн өөр хүний хүүхдүүдийг миний хүүхдүүд, миний охин гээд халамжилна гэдэг тэр болгон хүнээс гарахгүй бизээ. Багш бэлтгэл сургуулилтын үеэр бол их хатуу. Чөлөөт цагаар бол биднийг их сайхан хүмүүжүүлнэ. Хүнтэй зөв мэндлэх, зөв харьцах, биеэ цэвэр цэмцгэр сайхан авч явах гээд зөвхөн спортын төдийгүй амьдралын сайн сайхан хэвшилд биднийг сургасан. Бас тэсвэр хатуужил зорьсондоо хүрдэг хүн болж төлөвшихөд минь спорт болон багшийн маань нөлөө их байлаа. Бид багаараа улсын аваргын тэмцээнд их амжилттай оролцдог байсан. Би хоёрдугаар ангид байхдаа анхны улсын аваргын тэмцээнд орж мөнгөн медаль, багийн маань хоёр гишүүн бас алт мөнгөн медаль авч багаараа мөнгөн медаль хүртсэн. Багшаасаа би хүнд сэтгэл бас зүтгэл байвал амжилтанд хүрдэг гэдгийг ухаарч ойлгосон.


Б.Эрхэмбаяр
Улаанбаатар хот

2009 оны 3 сарын 31
Цааш нь унших...

Атаархал ба атаачид

Атаархал бол мөнхийн сэдэв билээ. Хүн гээч амьтаны хамгийн сул бөгөөд хүчтэй талуудын нэг бол яах аргагүй атаархал. Тэр тусмаа эмэгтэйчүүд нэг нэгэндээ атаархах нь эрчүүд нэг нэгэндээ атаархахаас даруй хэд дахин их байдаг гэдгийг хүн төрөлхтөний амьдралын туршлага харуулдаг. Сайн сайхан яваа нэгнээ хараад “Ямар сайхан юм бэ. Би энэ хүн шиг болох юм сан” гэсэн цагаахан атаархал зүрхэндээ тээсэн бол та хүчтэй хүн. Тийм учраас би атаархлыг бас хүнийг өөрийг нь хөгжүүлэх хүчтэй чанаруудын нэг гэж яах аргагүй боддог. Харин харамсалтай нь “Энэ муу ийм болчих гэж. Нэг тийм хөгийн амьтан л байсан юм даг. Надаас илүү гарах юм энэнд юу байгаа юм” гээд л бодоод ирвэл хар муухай атаархал болж та тэр хэмжээгээрээ зовж тарчилна уу гэхээс биш өсөж дэвжихгүй нь лавтай.

Ямар хүн илүү атаач байдаг вэ? Миний бодлоор атаачид бол бусдаас ямар нэг зүйлээрээ дутуу гэдгээ чин зүрхэндээ өөрөө мэдэрдэг хэдий ч тэрийгээ хүлээн зөвшөөрөх дургүй, атаархаж буй хүн шигээ болох чин эрмэлзлэлгүй, өөрөө өөрийнхөө сул талыг ялан дийлэх, хөдөлмөрлөх бие сэтгэлийн тэвчээргүй, ялангуяа аливаа юмыг олон талаас нь харж дүгнэх чадваргүй, хэн нэгний муу муухайг биш сайн сайхныг харах билгийн нүдгүй харалган ойрын бодолтой хүмүүс байдаг.

Ямар ч зүйлд сайн сайхан зүйл оршдог. Тэр ч бүү хэл гэмт хэрэг хийсэн хүмүүст ч ямар нэгэн сайн сайхан чанар байдаг гэдэг. Хүний болоод аливаа нэг юмны сайн сайхан зүйлийг харж чадна гэдэг бол хүнд бурханаас заяасан хишиг. Харин атаархагчдад бурхан ийм хишигээ дутуу хайрладаг. Тэгэхээр атаархал бол хүний төрөлх зан авир гэж би хэлэх гээд байна. Тоглоом тоглож буй хоёр хүүхэд байя гэж бодоход нэг хүүхэд нь арай илүү гоё тоглоомтой байя гэж саная. Нөгөө хүүхэд атаархах зан авир илүү нэгэн бол шууд л тийм тоглоомтой болохыг уйлан хайлан ээжээсээ шаардана. Найз нь түүнээс илүү гоё тоглоомтой болсонд атаархах хамгийн эхний шинж бол уурлана нүүр царай нь уй гунигтай болно. Улмаар шууд тоглоомыг нь булааж авахыг оролдоно. Эсвэл бүр аваад чиний энэ муу тоглоом муухай гээд шидээд эвдэж орхиж ч магад. Гэхдээ хүн энэ төрөлх зан авираа дарах зөв цагаахан атаархагч болоход эцэг эх, орчин тойрны нөлөөлөл маш их. Эцэг эх нь хүүхэддээ өөөрийнх нь хуучин тоглоом хэчнээн хуучин ч түүнд бас давуу чанар байгаа гэдгийг зөвөөр ойлгуулж хүүхдээ зөв хүмүүжүүлж чадвал тэр хүн ирээдүйд хар атаач биш цагаан атаархагч болох магадлал өндөр. Хэрэв тоглоомоо голсон хүний ээж жинхэнэ атаач нэгэн бол “Миний хүү энэнээс дутах юу байсан юм” гээд бүр илүүг авч өгөх. Түүгээр ч зогсохгүй “Одоо миний хүү түүнээс гоё тоглоомтой болсон” гэж сурталчлаад эхэлбэл та хүүхдээ ирээдүйд хар хорон атаач болгон төлөвшүүлж байна гэсэн үг.

Атаачид юунаас болж танд атаархдаг вэ? Энэ бол маш өргөн хүрээтэй. Тэд таны нийгмийн гарал үүсэл, мөнгө хөрөнгө, авьяас чадвар, хайр сэтгэл, сайхан аз жаргалтай гэр бүлийн амьдрал, зүс царай, бие бялдар тэр ч бүү хэл сайн нөхөр, сайхан эхнэрт чинь хүртэл атаархдаг. Атаачид тэгээд яадаг вэ? Цагаахан атаархагчид бол хөдөлмөрлөнө зүтгэнэ хичээнэ тэр хирээрээ амжилтанд хүрнэ. Хар атаачид бол атаархаж буй хүнээ хараана зүхэнэ, сэмхэн хов жив тараана нэр хүндийг нь сэвтүүлэх элдвийн башир арга явуулга хийнэ. Гэхдээ тэдний үйлдэл бол их хорон муу, санаанд оромгүй байх тул зарим тохиолдолд цаад атаархалыг нь төрүүлсэн хүндээ ихээхэн хор уршиг тарьж ч чадах тийм хүчтэй байх нь ч бий. Эцсийн эцэст энэ нь амжилтад хүрдэг юмаа гэхэд харамсалтай нь байнга муу муухай хар бараан зүйлээр зүрх сэтгэлээ харлуулж явсан хүн хэзээ ч өөдлөхгүй тавилантай байх нь амьдралын үнэн. Хар атаачдын нүүр нүд бүгдийг хэлээд өгдөг. Байнга хэн нэгний дор орчих вий гэж эсвэл энэ муу надаас дээр гараад байна гэж шаналж явах тул нүүр царай нь эелдэг эеэргүү биш хахир хатуу шинжтэй болж ирдэг. Хэн нэгнийг гомдоох өдөөн турхирахдаа гаргуун тул үг яриа нь сөрөг хар энергитэй. Харьцаж нийцэхэд хүнд, хэн хүнтэй нийцгүй байх нь түгээмэл. Эсвэл бүр эсрэгээрээ хар санаагаа дотроо хумсаа нуусан муур шиг нууж таньд үнэнч царайлж явах нь ч бий. Гэхдээ л атаачид өөрөө өөрийгөө хуурч чадахгүй нь амьдралын үнэн билээ. Бас элдвийн хов жив хөөцөлдөх далд явуулга хийхдээ тун гаргуун болсон байдаг. Тэдний нүдний харц нь л андашгүй дээ. Амьдралын баяр баясалгүй, могой шиг хүйтэн бас тэгээд хурц ширүүн.

Атаачдаас яаж ангижрах вэ? Ганц шилдэг шалгарсан арга бол тэднийг зүгээр л зөнгөөр нь орхих. Тэдэнд гомдож зүрх сэтгэлээ шархлуулж хэзээ ч болохгүй. Харин үүний оронд тэднийг өрөвдөж амьдрах. Зүгээр л түүний энэ сул талыг өрөвд. Өөрийгөө хамгаалж тэмцэх хэрэггүй. Тэгвэл та атаачдын хор нөлөөнд бүр автаж тэдний бах тавыг хангаж ч магадгүй. Тэмцэх тусам та ядаж тэдний хорон муу үйлдлийн талаар амьдралын туршлага байхгүй тул тэдэнд тухайн үедээ “ялагдана” уу л гэхээс ялж гарахгүй. Их эрдэмтэн номч Бямбын Ренчин гуайн нэг сайхан үг байдаг тухай аав маань дурсаж байсан санаанаас гардаггүй юм. Яруу найрагч Сэнгээ гуай тухайн үед мань хүнийг шүүмжилж “Далан настанд ч даруулга хэрэгтэй” билүү дээ дайрал шүлэглэл бичиж л дээ. Хүмүүс Ренчин гуай дээр ирээд та өөрийгөө өмөөрөөч дээ. Ямар нэгэн хариу бичээч гэж хэлжээ. Хариуд нь Ренчин гуай “Би бол Бямбын Ренчин” л гэж хэлжээ. Тиймээ тэр хүн бол Бямбын Ренчин болохоос Сэнгээ биш. Хэрэв Бямбын Ренчин мөн л бол Сэнгээ гуайтай арцалдаж өөрийгөө өмгөөлж өөрийгөө Сэнгээ гуайн зиндаанд аваачиж доош оруулахгүй гэсэн логик байгаа юм. Бас нөгөө талаараа мань хүн Сэнгээ гуайн шүүмжлэлийг тэр хүний үзэл бодлыг өөрийнх нь өнцгөөс харах тийм агуу их билгийн нүдтэй байсандаа тэр удаа хэл ам хийлгүй өнгөрсөн ч байж магад.

Атаачид хол явдаггүй. Үүнийг олон жишээнээс харж болно. Моцартын төрөлхийн авьяасанд атаархсан Австрийн хааны ордны хөгжмийн зохиолчийн хувь заяа яаж төгссөнийг та бүхэн энэ талаар хийсэн Холливудын нэгэн киноноос гадарлах байх. Тэр хүний амьдрал асрамжийн газарт ганцаардал уй гашуу дунд туйлын эмгэнэлтэй байдлаар дууссан гэдэг. Тухайн үед түүний элдэв явуулгаар залуухан Моцарт зовж шаналж түүнээс тэр атаархагч өөрөө бие болоод сэтгэлийн таашаал эдэлж байсан байхыг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ тэрээр хэзээ ч Моцарт өөрөөс нь илүү гэдгийг мэддэгч өөдгүй атаач сэтгэлээсээ болоод түүнийг хүлээн зөвшөөрч чадаагүй. Одоо тэр нэр нь бүдгэрэн хэн ч биш болсон хааны ордны хөгжмийн зохиолчийн бүтээлийг өнөөдөр хэн сонсож байна вэ. Бүтээлийг нь сонсох нь бүү хэл нэрийг нь ч санах хүн байхгүй байгаа биз. Ингээд бодохоор атаачид өөрийн өчүүхэн цээжин дотроо муу аргынхаа хүчээр түрхэн зуур “амжилт” олж болох ч тэднийг амьдрал хэзээ ч уучилдаггүй. Харин та тэднийг уучилж бас өрөвдөж амьдар. Тэгж чадвал хар санаат атаачдаас та ангид байж чадна.

Б. Эрхэмбаяр

2009 оны 3 дугаар сарын 19
Улаанбаатар хот
Цааш нь унших...

Бүсгүй заяа цуврал: Амьдрал чамайг уучлахгүй ээ

Шинэхэн цагаан цас хаялсан хотын гудамжаар ид насны жавхаалаг бүсгүй товор товор алхална. Бүсгүй хаашаа ч юм нэг тийшээ яарсан нь алхаанаасаа түрүүлэн урагш тэмүүлсэн цээжин бие тэргүүнээс нь илхэн. Цардмал замыг гадас шиг өндөр өсгийтэй гутлаараа тов тов тогшин алхах ч бүсгүйн чийрэг хоёр хөл нь огтхон ч эцэж цуцахгүй байгаа мэт. Ар мөрийг нь бүрхэн асгарах өтгөн буржгар үс нь түүний хурдан алхааны хэмээр үл мэдэг сэв сэв хийн хөдлөх аж.Ялимгүй улаан туяа татсан бумбагар хоёр хацар оо энгэсэг огтхон ч түрхээгүй царай нь тун ч ялдамхан харагдана.
Хот газрын дэгжин бүсгүйчүүдийн адилаар гоолиг биед нь яв цав таарсан сүүлийн үеийн загварын тод улаан хүрэм өмсөж өнгө дагуулсан дэгжин шаавай гутал өшиглөсөн нь тун онцгой содон харагдана. Хуучны тахиралдаж мушгиралдсан давчуу гудамжаар хажуугаар нь зөрөн өнгөрөх зуур хүмүүс өөрийн эрхгүй зам тавьж зарим нь түүнийг хэсэг зуур нүд салгалгүй дагуулан харна. Бүсгүй харин тэр бүхнийг анзаарах өчүүхэн ч сөхөөгүй бараг гүйх шахам цааш алхалсаар л. Хуучирч элэгдсэн чулуун замтай мухар гудамжинд огт зохицоогүй орчин үеийн загварын өндөр шилэн барилгын гуулин бариултай нүсэр том, хүнд шилэн хаалгыг танхилхан гарандаа баймгүй хүчээр сэв хийтэл нээн дотор нь орж явчихлаа.Шил толь болсон үүдний гудмаар өнгөрч цааш алхалсаар сайхан хөгжим намуухан эгшиглэсэн уужим цэлгэр зоогийн газар орж ирээд алхаагаа сая л нэг сааруулж хэн нэгнийг нүдээрээ хайж ийш тийш харан хэсэг зуур саатав. Харц нь тэртээ булангийн ширээнд суух хэсэг хүмүүс дээр тогтон царайдаа инээмсэглэл тодруулан тэдэнд дөхөж очлоо. Төдөлгүй тэр хавийн намуухан байдлыг эвдэн:-Хүүшээ. Энэ чинь чи юу гэх бүсгүй хүний цангинасан адтай дуу, -Хөөх хэн ирсэнийг хараачээ гэх эрчүүдийн баргил хоолойтой сүлэлдэн нэг хэсэг шуугилдацгаав. Бүсгүй эрчүүдтэй гар барин бүсгүйчүүдтэй харин дотноор тэврэлдэн үнсэлдэж мэндчилээд ширээнд суув.Бүсгүй урт ширээний цаана суугаа жирэвгэр шар сахалтай, шавилхан биетэй залуугийн гундуу царай дээр харц тусгаж зог туслаа. Зүрх нь юунд ч юм чим хийх шиг болж улаа бутарсан царай нь үл мэдэг цонхийгоод ирлээ. Төдхөн биеэ эзэмдэн цонхийж ирсэн царай нь дахин туяарч аз жаргалтай мишээл нүдэндээ тодруулаад ширээ тойрон суугаа хүн бүр дээр харц тогтоон харлаа. Хорин жил өнгөрчихлөө гэж үү дээ гэж хэнд ч үл дуулдам намуухнаар амандаа сулхан шивнэв. Шар сахалт ширээний цаагуур тойрон бүсгүйн дэргэд ирээд хуурамч инээмсэглэл нүүрэндээ тодруулан: -Хоёулаа монгол ёс байна нэг гар зөрүүлчих үү гэж асуув. Бүсгүй гараа түүний зүг ихэмсэгээр сунгахад цаадах нь өлссөн нохойд эзэн нь яс хаяж өгөхөд ухасхийн шүүрэн авдаг шиг булбарай гарыг нь шүүрэн аваад эрээ цээргүй чангаар атгав.Залуус гэнэн багын хөгжилтэй түүхээ ам булаалдан ярилцана. Зарим нэг нь хөнгөн хөгжмийн аянд ганхан бүжиглэн хөгжилдөнө. Харин бүсгүй хундага дарс шимэн цомцойн сууж байлаа. Шар сахалт бүсгүйн хажууд завшааныг ашиглан дөхөж суугаад чихэнд нь: -Чи ч сувд шиг л гялалзаад хэвээрээ байна шүү гэж шивэгнэв. Түүний дууны өнгөнөөс тэртээх он жилүүдийг нэхэн санасан бүсгүй өөрийн мэдэлгүй агдгасхийн цочоод, нулимсаа залгиж явсан он жилүүдийг минь энэ хүн ийм хурдан мартлаа гэж үү дээ гэж зэвүүрхэн бодлоо. Хар дарсан зүүд шиг хадны ангалд унасан юм шиг он жилүүдийг бүсгүй харин хэзээ ч мартаагүй билээ. Залуу халуун сэтгэлийг нь өөр бүсгүйчүүдийн тансаг сүрчигний үнэрээр мохоож, цэвэр ариухан хайраар гэрэлтэх зүрхийг нь тэдний цусан улаан уруулын будгаар тамгалж явахдаа шар сахалтын бах ханаж байсан бус уу. Давхар биетэй ч амьдралаа залгуулах гэж ажил дээрээ өдөржин суугаад арайхийн гэрийн бараа харахад өөдөөс нь хэн нэгний нялуун сүрчиг ханхийж, татаад хаясан улаан будагтай янжуурын иш угтдаг байсан. Өөрийг нь орж ирсэнийг ч үл анзааран хүзүүн дээрх цусан толбоо тэгэхээс тэгэх гэж ил гарган орон дээрээ тэрийн хурхирах тэр давилуун ааштай залуу чинь энэ одоо мөн үү. Уусан дарсны хоосон лонх, татсан тамхины ишийг цэвэрлэж, түүний цамцан дээр уруулын будагны толбо тогтоод үлдчих вий гэж дахин дахин нямбайлан угаадагсан. Тэр тоолон харин бүсгүйн хөвөн цагаан сэтгэлийг тодоос тод хар толбо хайр найргүй тамгалж, зүрх нь өчүүхэн шилэн бөмбөлөг шиг хага үсэрч хэдэнтээ бутран унаагүй гэж үү.Нялх биетэй түүнийг орь ганцаар нь орхиод явахдаа эргэж нэг удаа ч болов харсан бил үү. Гадаа гарч эр гэртээ орж эм болон ажил,хүүхдийн цэцэрлэг, гэр гэж бүсгүйг цэцэг шиг сайхан насан дээрээ цагаасаа эрт хагдарч явахад нь өнөөдрийнх шиг ингэж ядахдаа хуурамчаар ч болсон инээмсэглэж нэг удаа харлуу даа. Тансаг амьдрал, ужид цэнгэл хөөн ганган дэгжин бүсгүйчүүдийг баланд дурласан зөгий шиг ээрч, явсан түүнд голоос нь тасарсан үр нь ч юу ч биш байгаагүй гэж үү. Өнгө мөнгөнд сохорсон хүний нүд үүрд мөнх сохордог нь үнэн бололтой. Нүд нь сохорсон ч мөнгө бас өнгийг барааны газраас үнэртдэг чадвар нь харин хэвээр.-Чи намайг уучлаарай. Гэнэн залуу насны минь алдааг гэж шар сахалт санаашран шивэгнэв. Бүсгүй юу ч хэлсэнгүй харин шар сахалтын нүд рүү нь дальдиртал нь ширтэв. Харин сэтгэлдээ “Би чамайг уучилсан. Харин амьдрал чамайг хэзээ ч уучлахгүй ээ” гэж шивэгнэв. Б.ЭрхэмбаярУлаанбаатар хот.2009 оны 3 дугаар сарын 05
Цааш нь унших...

Thursday, February 12, 2009

МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДЫГ ХУДАЛДАН АВАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД БАЙНА УУ

Here is the beginning of my post. Саяхан Монгол улсын Засгийн газраас олон улсын хөрөнгийн зах дээр 2 тэрбум ам.долларын бонд гаргах шийдвэр гаргасныг сонслоо. Дэлхий нийтээрээ санхүүгийн хямралд нэрвэгдсэн энэ үед энэ шийдвэр хэр үр дүнтэй вэ гэдэг дээр авч үзвэл энэ бол цаг үеэ олоогүй шийдвэр гэдэг нь хэд хэдэн бодит үндэслэлээс харагдаж байгаа юм л даа.And here is the rest of it.Яагаад гэвэл хамгийн наад зах нь зөвхөн ганцхан зэсийн экспорт дээр тулгуурладаг гадаад худалдааны төлбөрийн баланс, төсөв нь асар их алдагдалтай засгийн газарт хэн итгэж хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг асуудал зүй ёсоор гарна. Мөн за итгэдэг хэн нэгэн тэнэг байдаг юмаа гэхэд хаа сайгүй мөнгөгүй болж хөрөнгө оруулалт зогссон энэ үед манай Засгийн газрын бондыг хэн худалдан авах вэ. Мөн түүнчлэн макро эдийн засгийн орчин муудаж төгрөгийн худалдан авах ханш өдрөөс өдөрт бусад валютын өмнө сөхөрч байгаагаас нь болоод Монгол Улс болон Засгийн газрын үнэлгээг олон улсын үнэлгээний Fitch, Standart & Poor’s зэрэг байгууллагууд өнгөрсөн оны сүүлээс хэтийн төлвийг “сөрөг” болгон мөн Засгийн Газрын бондын үнэлгээг ч бууруулчихсан, Мооdy’s өнөө маргаашгүй үнэлгээг бууруулахаа Bloomberg-ээр цацчихсан энэ үед Засгийн Газрын бонд хэр амжилттай арилжаалагдах нь тодорхой. Тэртээ тэргүй амжилт олохгүй зүйл дээр ингэж хөрөнгө хүч үрэх хэрэг байна уу. Учир нь бонд гаргах ажлыг зохион байгуулахад асар их хөрөнгө зардал гардаг. Бондыг зохион байгуулах томоохон андеррайтерүүд болон хөрөнгө оруулалтын банкууд, хуулийн зөвлөхүүд, бондыг арилжаалах брокер, дилер гээд тэр бүгдэд төлөх төлбөр шимтгэл бүгд л төсвөөс гарна.

Энэ шийдвэр эдийн засаг санхүүгийн ахисан түвшний ч бус зүгээр л наад захын мэдлэгтэй хүний хувьд буруу шийдвэр гэдэг нь дээрх тайлбарласан бодит байдлуудаас харахад ойлгомжтой юм. Монголчууд бид ямарваа юманд дандаа төлөвлөгөөгүй ханддагийн л нэг илрэл. Хэдхэн жилийн өмнө эдийн засаг өсөж байсан үед энэ бонд гаргах бол бодитой ажил хэрэг болох зүйл байсан. Тэр үед бид гаднаас хөрөнгө босгож чадсан бол зах зээлийн тааламжтай цаг үеийг ашиглаж чадсан бол одоо бид айдаггүйгээ авдрандаа хийчихсэн сууж байх байсан. Миний мэдэхийн маш олон том хөрөнгө оруулалтын банкууд Засгийн газрын эрхэмүүдтэй уулзаж танай бондын олон улсын зах зээл дээр гаргаж арилжих ажлыг зохион байгуулаад өгье гэж гуйж бас ч үгүй өвөр хоорондоо битүүхэн өрсөлдөж байсан. Даан ч харамсалтай нь бид тэр алтан боломжийг нөгөө л нэг алсын хараагүй байдал зэсийн үнэ мөнхөд ийм өндөр байх юм шиг байр сууринаас хандаж харалгантсаны хар гайгаар алдаж орхисон. Одоо ингээд юу юу ч үгүй болоод ирэхээрээ гэнэт ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг ийш тийшээ үсчиж бодлогогүй тэртэй тэргүй хэрэгжихгүй зүйл дээр үрлэг зарлага гаргах гэж байгаа нь туйлын харамсалтай.

Б.Эрхэмбаяр

2009 оны 2 дугаар сарын 12.
Улаанбаатар хот.
Цааш нь унших...

Tuesday, January 20, 2009

“Энэ хорвоод ээж сайхан ээжтэй хүүхэд энхрий шүү”

Хайрт ээжийнхээ гэгээн дурсгалд зориулав.

Цаг хугацаа юутай хурдан өнгөрнө вэ. Таньгүй өнгөрүүлсэн энэ хоёр жил охин нь юугаар дутаж гачигдаж байснаа өчигдөр л мэдэрлээ. Эхийн хайраар. Энэ хоёр жил уйлах зүйл тохиолдвол нулимсаа сэмхэн залгиж явсанаа мэдэрлээ. Эрхэлж тунирхан заримдаа жаахан хатуу үг хэлэхээр өвөр дээр нь толгойгоо тавиад л уйлж унжиж таны минь зөөлөн хоёр гар үсийг минь илбэж норсон хацрыг минь арчихад тайтгардаг байж билээ.

Жижиг сажиг гэлтгүй амьдралын элдэв асуудлаа таньдаа ярьж таныхаа уужуу сэтгэлийн үгийг сонсоод хэн нэгэнд гомдсон гомдол эсвэл бухимдсан бухимдлаа ор тас мартдаг байлаа. Өчигдөр охин нь зөндөө уйлсан. Бүтэн хоёр жил барьсан нулимс нэг л мэдэхэд сад тавьж хадам ээж хажууд ирээд:
-Охин минь яасан гээд толгой илэхэд уяран уяран таныгаа санаад зөндөө уйлсан. Таныгаа сүүлчийн замд нь үдээд хоёр жил өнгөрсөн байна шүү дээ.

Хүн яаж ч хичээгээд ээжийнхээ ачийг бүрэн хариулж чаддаггүй юм гэсэн. Шүүдрийн дуслыг түүж цай чанаж өгвөл зөвхөн нэг шөнө босож хөхүүлснийх нь л ачийг дөнгөж хариулдаг гэж байгаа. Шүүдрийн дуслаар чанасан цайнд хэргийн учир байгаа ч юм биш түүнийг цуглуулахад ямар их тэвчээр хүч хөдөлмөр, бас эхийгээ гэсэн сэтгэл шаардагдах вэ гэдэгт л учир байгаа байх.

Миний ээж жирийнээс жирийн түм буман сайхан ээжүүдийн л нэг байлаа. Бага байхад хал нь гаднаа хайр нь дотроо эхийнхээ занг сайн ойлгодоггүй л байж дээ. Өглөө босоод хичээлээсээ хожигдлоо гээд өглөөний цайгаа уухгүй гарах гэхээр ээж үүдэнд зогсчихоод цайгаа ууж байж яв гээд гаргадаггүй байж билээ. Тэрэнд нь унтууцаж зөрүүдлээд албаар дийлэх гэж маргалдах удаа ч зөндөө байсан. Одоо харин би таныхаа “Миний охин цайгаа уугаад яв” гэх дууг яасан их үгүйлнэ вэ. Том болсон хойноо ч өвдөж ядрахаараа таньдаа очоод л эрхэлж тунирхаж албатай юм шиг ажил ихтэй ядарснаа гайхаж хоол цай зөөлгөж байснаас биш ачийг тань хариулж асарч тойлсон удаа цөөхөн л байсан даа. Өвдөөд хэвтсэн байхад нь ч мөнх л юм шиг санаж ажил гэж хэнхэглээд олигтой ч асарч чадаагүйгээ бодохоор одоо харамсаад харамсаад яалтай ч билээ.

Ээжийгээ өнгөрсний дараа сэтгэл гансраад ямар нэгэн баяртай ч юмуу гунигтай ч юмуу үйл явдал болоход хуваалцах хүнгүй их л ганцаарддаг юм билээ. Бүр заримдаа ярих гээд утсаа шүүрч авчихаад байхгүй болсоныг нь гэнэт санахаар зүрх хөндүүрлэдэг байж билээ. Эх хүн гэдэг үрийнхээ сэтгэлд хэнийг ч орлохгүй асар том сэтгэлийн орон зай байдгийг тэгэхэд л ухаарч билээ.
Цааш нь унших...

Friday, January 9, 2009

Намайг уучил

Намайг уучлаарай

Энэ явдал бүүр хүүхэд байхад болсон юм. Саяхан нэг блог дээр хэн нэгэн өөрт нь хүүхэд байхад нь дурласан хүүгийн тухай бичээд “Надад дахин ийм гэгээхнээр хэн нэгэн дурлах болов уу” гэж асуусан байхыг уншаад санаанд орчихсон юм. Би 7 дугаар ангид байсан юм. Тэгтэл манай дээд ангийн 8 дугаар ангийн нэг хүү байсан юм. Нэг өдөр дүү гадаа хүн дуудаж байна гэхээр нь санаандгүй гараад иртэл тэр зогсож байсан. Хичээлдээ их сайн онц сурдаг хүү байсан болохоор би сайн таньдаг байлаа. Гэхдээ хэзээ ч юм ярьж үзээгүй. Тэр нээх хөөрхөн инээгээд л “ Сайн уу” гэж хэлсэнээ надаас ичээд байгаа бололтой эсвэл ярих юмаа олж ядаад түгдчээд нэг л сонин. Би ч жаахан зэвүүн охин байсан юм шиг байгаа юм. Чи яах гэж ирсэн юм бэ гэж асуугаад. Тэгсэн тэр “Зүгээр л “ гэж байна. Тэгэхээр нь би “Зүгээр юм бол яах гэж ирсийн” гэчихээд орчихсон юмдаг. Тэр өдрөөс хойш тэр хүү манайхаар дандаа ирж намайг дуудна. Би дүүгээрээ бараг ихэнхэд нь гэртээ алгаа. Эмээгийнд очсон энэ тэр гэж худал хэлүүлээд л. Тэгсэн хирнээ тэрнийг ирэхгүй эсвэл утсаар ярихгүй бол хүлээгээд л. Сүүлдээ намайг худал хэлүүлдэгийг мэдсэн бололтой. Манай үеэл ахтай нэг ангид байдаг болохоор манай үеэл ахаар дуудуулдаг болов. Манай үеэл ах манайд орж ирээд сэмээрхэн чамайг тэр гадаа дуудаж байна гэж хэлнэ. Миний ааш гайгүй байвал гарч уулзана. Жаахан ааш муутай байвал үгүй гээд таг гүрийчихнэ. Тэр хүү хөөрхий миний учрыг олох гэж их зовдог байсан байхаа. Тэгээд ямар нэгэн баяр энэ тэр болохоор заавал ирж надад шоколад, цэцэг, бяцхан бэлэг өгнө. Нэг удаа гадаа үүдэнд уулзаж байтал аав тааралдаад нэг их сүрхий том харчихаад гэртээ орчихсон. Аав намайг хэзээ ч загнадаггүй ч би яагаад ч юм их айж бас ичиж билээ. Гэртээ ортол аав миний охин найзуудтайгаа уулзаж юм яримаар байвал гэртээ оруулж уулзаж байгаарай гэж билээ. Бодвол аав гэнэт охиноо том болсоныг мэдээд санаа нь зовсон юм байлгүй.

Зуны амралтаараа пионерийн зуслан явсан чинь нөгөө хүү бас явж байна. Хожим сонссон чинь манай үеэлээс намайг явах гэж байгааг мэдээд албаар өөрөө бас явсан юм байх. Нэг бүлэгт орчихлоо. Нэг удаа би халуун өдөр усанд орсоноос болсон уу яасан орой нь аймаар халуурч хоолой өвдөөд. Тэр тэгсэн чинь нээх хөөрхөн ээжийнхээ бэлдэж өгсөн эмний хайрцагийг барьж орж ирээд хоолойны эм уулгаад духан дээр дарж үзсэнээ алчуур норгож хүйтэн жин тавьж өгөөд л. Миний хажууд дуугай суугаад намайг оройжин асарсан юм даг. Манай өрөөнийхөн орой кино үзэх гээд явчихсан байсан байх хэн ч байхгүй. Би их халуурч өвдөөд гэрээ их санаж байсан шиг санагдана. Түүнээс хойш бид хоёр арай ойр дотно болсон шиг санагдана. Ямар ч байсан би түүнд муухай аашлахаа больж билээ. Нэг мэдсэн бараг хоёр жил өнгөрч тэр 10 дугаар ангиа төгсөөд гадаадад сургуульд явчихсан. Харин надад дандаа захиа бичдэг байлаа. Бараг л 7 хоног бүр захиа ирнэ. Харин би нэг ч удаа хариу бичээгүй. Их тэнэг байж дээ. Хүний тийм цэвэр ариун сэтгэлийг ойшоож үзэхгүй. Нөгөө хүү намайг 10 дугаар ангид байхад нэг удаа өвлийн амралтаараа ирж уулзсан юм. Би бас л нөгөө тоомжиргүй байдлаар хандаад. Харин тэр надаас “Чи надад яагаад захиа бичдэггүй юм бэ. Чи надад хайртай юу” гэж асууж байна. Би ч бодох санах ч юмгүй Үгүй ээ гээд хэлчихлээ. Гэтэл тэр нэг их томоор санаа алдсан юмдаг. Харин яагаад ч юм одоо болтол тэр санаа алдсан нь сэтгэлд үлдчихсэн юм. Надад бас л бэлэг өгөхөөр нь хэрэггүй ээ би авахгүй гэчихлээ. Тэр над руу нэг их том харсанаа би чамд зориулж авсан юм авчих л даа гээд гарт бариулчихлаа. Харин гэрт орж ирээд үзсэн чинь бэлэг дотор гоё үнэртэй жинхэнэ франц духи бас шоколад байсан. Үнэр нь таалагдсан болохоор хаячихалтай нь биш бараг 10 дугаар ангиа төгстөлөө үнэртүүлж явсан. Манай ангийнхан бас найзууд чамаас ямар гоё үнэр үнэртдэг юм бэ гээд л.

Удалгүй оюутан боллоо. Би уг нь гадаадад сургуульд явах бодолтой байсан боловч ээж аав хоёр Оросод байдал хэцүү болсон хэрэггүй байхаа монгол сургуульд орсон нь дээр гэж ятгасаар МУИС-ийн банкны ангид орчихлоо. Оюутан болсон эхний зун нөгөө хүү бас л зуны амралтаараа ирээд надтай уулзлаа. Тэр харин их яриа хөөрөөтэй болж надаас ичээд дөлөөд байдаг нь гайгүй болчихсон байсан. Одоо бодоход төлөвшиж том хүн болж эхэлж байсан юм байлгүй. Бид хоёр тэгэхэд нэлээн удаан юм ярьж суусан. Таньдаг хүүхдүүдийнхээ тухай ангийнхнаа ямар сургуульд орсон энэ тэр гээд л зөндөө юм ярьсан. Тэр хүмүүжилтэй сайн хүү байсан гэхдээ би яагаад ч юм түүнд хайртай болж чадаагүй юм. Зүрхээ шал өөр хүнд өгчихсөн. Би өөр хүнд хайртай болоод миний хайртай залуу санаандгүй тохиолдлоор түүнтэй гадаадад нэг сургуульд хамт нэг жил суралцсан байсан. Би нэгэнт би чамд хайргүй гээд мянга хэлээд ойлгохгүй хүнийг дурласан залуутайгаа уулзуулаад ойлгуулъя гэж бодсон юм. Одоо бодоход хүүхэд байсан болохоор их тэнэг ч байж дээ. Тэгээд би “Чи маргааш хүрээд ирээч би чамайг нэг хүнтэй уулзуулъя” гэж түүнд хэллээ. Тэр хэнтэй гэж тааж ядсан байдлаар над руу харангаа асуусан ч “Хэн гэдгийг нь маргааш ирээд хараарай” гэсэн миний үгийг зөвшөөрөөд маргааш нь ирсэн. Харин би нөгөө залуутайгаа хамт байрныхаа гадаа байдаг цэцэрлэгт модон сандал дээр их л дотноор тэврэлдэн суугаад хүлээж байлаа. Намайг өөр залуутай байж байна гэж төсөөлөөгүй бололтой тэр маш гунигтай болчихлоо. Тэгээд миний хайртай залууг таньдагч гэсэн түүнд ярих юм олдохгүй байгаа бололтой хэсэг сууж байсанаа би явлаа гээд явчихсан. Маргааш нь намайг эзгүйд дүүд нэг зурвас үлдээгээд явсан байсан. Тэр зурвасдаа “Би чиний сонголтыг хүндэтгэж байна. Та хоёрт аз жаргал хүсье. Гэхдээ би чамд хайртай. Үргэлж чамайг дурсаж хайрлаж явах болно” гэсэн байж билээ.

Би тэр хүүг гомдоосон гэж тэрхэн үедээ ердөө ч бодоогүй. Нэг салдаггүй хүнээс салж амарлаа л гэж бодож байж билээ. Нээрээ надад ийм цэвэр ариуханаар дахин хэн нэгэн дурлах болов уу. Үгүй л байх даа. Хожимдсон ч гэсэн чамаас “намайг уучлаарай” гэж чин сэтгэлээсээ гуйяа.
Цааш нь унших...

Wednesday, January 7, 2009

“Зөрлөг” монголын уран сайхны кино

Энэ киног өнгөрсөн хагас сайн өдөр үзлээ. Амралтын өдрүүдээр нэг их хийгээд байх юмгүй байсан тул зүгээр л ямар ч хамаагүй кино үзмээр санагдаад Тэнгист очлоо. Тэнд үзэх цаг таарч байсан тул санамсаргүй л “Зөрлөг” гэсэн киног үзчихлээ. Харин кино тараад гарч явахдаа сэтгэл нэг л аятайхан болоод бөөн романтик хүн нөхрийнхөө гараас хөтлөөд хоёулаа их л сэтгэл ханамжтай гэртээ харьсан.

Жанрын хувьд энэхүү кино манай монгол кино дотор ховорхон байх романтическая комедия болжээ. Манай кино урлагт яг энэ чиглэлийн кинонууд их үгүйлэгдэж байсан байна гэдгийг үзэж дуусаад бүр ч илүү мэдрэх шиг болсон. Миний мэдэхийн сүүлийн бараг хориод жил хийгдсэн монгол кинонууд хэтэрхий их хар бараан тал уруугаа нэг бол нөгөө хошин шогийн жүжигчдийн эрчүүд нь авгай болж нүд амаа гялалзуулсан хошин гэхэд хошин ч биш нэг тиймэрхүү кинонуудад дарагдсан байсан мэт.

Киноны найруулагч Ганзориг гэж дуулаагүй нэр байхыг бодоход залуу найруулагч бололтой. Харин тэрээр киногоо үнэхээр их бодож шинэ стильтэй кино хийх гэж их ажилласан нь харагдсан. Миний хувьд бас ч монгол залуучууд дотор ийм кино хийчих хүмүүс шинээр төрөн гарч л байгаа юм байна гэж баярлах сэтгэл төрсөн.

Киноны гол үйл явдал нэгэн төмөр замын өртөөнд болно. Хайртай залуугаа ирэхийг хүлээсэн бүсгүйнд санамсаргүй тохиолдлоор өөрийн найз бүсгүй үрүүгээ явж байсан нэг залуу ирнэ. Улмаар тэр хоёр бие биедээ хайртай болж байгаа талаар гарна. Үйл явдал бол нэг их адал явдалтай зүйл байхгүй. Гэхдээ киноны хамгийн сайхан зүйл нь юу вэ гэхээр хүмүүсийн дотоод сэтгэл, хоорондын харьцаа, сэтгэл хөдлөлийг энгийн үйл явдалаар их сайхан илэрхийлж чадсанд байгаа юм. Хайр сэтгэл ер нь хүмүүсийн харилцаанд нэг чухал зүйл их нөлөөлдөг тэр юу вэ гэхээр хоёр хүний personal chemistry ( уучлаарай үүнийг монголоор яг юу гэж тайлбарлахыг мэдэхгүй юм) таарах явдал. Энэ кинонд үүнийг илүү их мэдрэмжтэйгээр харуулж чадсан шиг санагдсан. Ихэвчлэн залуу хүмүүс тоглосон гэхэд бүгд дүрээ их хөөрхөн гаргаж чадсан байна.

Эцэст нь та бүхэндээ хэлэхэд энэ киног заавал үзээрэй ялангуяа хайртай хүнтэйгээ хамт үзээрэй. Та өдөр тутмын уйтгартай саарал амьдралаас түр ч гэсэн салж нэг л сайхан романтик хүн болно гэдэгт би итгэлтэй байна.
Цааш нь унших...

Wednesday, December 31, 2008

Шинэ оноо угтахуй

Өнөөдөр хуучин оны сүүлчийн өдрүүдийн нэг. Шинэ оноо угтах гэж хүн бүр л баяр хөөр болон хуучин оноо яарамгүй үднэ. Ямар нэгэн юмыг хүлээсэн нь хүн бүрийн харцанд илхэн. Энэ оны төгсгөлийн хэдэн өдрүүдэд гунигтай ууртай хүмүүс цөөхөн байдаг мэт.

Цас хаяласан өвлийн үдэш би дуртай. Ийм үдэш хайртай хүнийхээ гараас атган урт гудамжаар чимээгүй алхаад л баймаар байдаг юм. Чиний минь гар дулаахан. Чи бид хоёр зөвхөн нүдээрээ сэтгэл зүрхээрээ л ярилцаад том том ширхэгтэй цас малгайлан орж байхад алхаад л. Тэртээ он жилүүдийг ингээд л чинийхээ гараас атгасаар үдсэн мэт. Амьдрал гэж энэ зөөлөн цас хаялсан өвлийн үдэш шиг. Тогтуухан аз жаргалтай, жавартай ч бас дулаахан. Зөөлөн будрах цасан дундуур чи бид хоёр тодоос тод мөрөө үлдээн алгуурхан урагшилсаар.

Цаашаа гоё юм бичих гэсэн чинь үг олдохгүй онгод орохоо байчихлаа. Хоёр зулзагаа яаж баярлуулдаг юм билээ. Хүү маань ажил дээр байсан чинь мессэж ирүүлсэн байна. “Ээж шинэ жилийн бэлгэнд надад юу авсан бэ” гэнээ. Орой л юу авсныг харна даа гэж хариу илгээчихээд сууж байна. Хүүхэд нээх хөөрхөн зөндөө том болсон юм байж бас ээж аавынхаа бэлгийг хүлээсээр л байдаг.

Шинэ жил гэхээр нээрээ бага нас санаанд орох юм. Манай аав бидэнд сүлд мод засаж өгдөг байсан юм. Сүлд мод засах оройг тэсэн ядан хүлээгээд л. Ааваа хэзээ ёолкоо засах вэ гэж бараг 12 сарын 1-ээс эхлээд л өдөр болгон асууна. Аав одоо бодоход 20-ний үед л ёолкийг чимэглэж өгдөг байсан шиг санагдана. Тэр болтол 20 хоног хүлээгээстэй. Бас онц сурвал сургуулиас бас ээж аавын ажлаас бэлэг авдаг байж билээ. Хүүхэд болохоор онц сурч хичээлээ хийвэл сайн гэж бодохгүй бэлэг авах нь л гоё санагддаг байж дээ.

Шинэ жилийн гоё нэвтрүүлгүүд гарах болов уу. Дунд сургуульд байхдаа 31-нд бараг унтахгүй Оросын шинэ жилийн нэвтрүүлгүүд үздэг байж билээ. Нээрээ шинэ жил болгоноор “Ирония судьбы”-г үзэх дуртай. Хэдэн ч удаа үзсэн юм бүү мэд. Гэхдээ л гоё кино шүү.

Та бүхэндээ бүгдэд шинэ жилийн мэнд хүргэе.

Happy New Year!

Gott Nytt Ar!

Цааш нь унших...

Monday, December 8, 2008

Зөвхөн бүсгүйчүүлд

Эмэгтэй хүнийг яагаад цэцэгтэй зүйрлэдэг вэ. Эмзэг бас үзэсгэлэнтэй болохоор нь тэр юм болов уу. Магад ч үгүй юм. Гэтэл зарим нэг маань би царай муутай дээрээс нь эршүүд болохоор цэцэгтэй зүйрлэх нэг л болж өгөхгүй байна гэж гомдоллох нь байдаг. Хувьдаа би бол цэцэг цэврүү ч байна уу юу ч байна уу эмэгтэй хүн бол эх хүн болдог учраас уян зөөлөн хирнээ анхаарал халамж их шаарддаг болохоор усалж тордож байхгүй бол хагдарах гээд байдаг цэцэг ч юм уу гэж боддог. Бүсгүйчүүл бид заавал эр нөхөр, найз залуу эсвэл хэн нэг ойр дотныхноо анхаарал халамжийг шаардаад байх биш зөвхөн өөрөө өөртөө л жаахан анхаарал халамжтай байх юм бол цэцэг хэвээрээ нэлээн дэлбээлэх юм шиг санагддаг юм.

Усалж тордоноо гэдэг маань юу вэ гэхээр өөрийгөө хайрлах урлагт суралцах

Эрүүл хүнс хэрэглэхийг эрхэмлэх

Эмэгтэй хүнд биеийн галбираа хадгалах явдал хамгаас чухал байдаг. Эрчүүд өөрсдөө гүзээтэй болсон ч харвин гүзээгээ унжуулсан эмэгтэй хүнд хэзээ ч дуртай байдаггүй. Иймд аль болох илчлэг багатай витамин минерал ихтэй хоолоор хооллох хэрэгтэй. Нас ахих тусам эмэгтэй хүн хэвийн байдлаар кальцийн хэмжээгээ хадгалахад хүндрэлтэй болдог тул сүү сайн уух хэрэгтэй.

Хөдөлгөөн бас дахиад хөдөлгөөн.

Эрүүл чийрэг бие бялдартай спортоор хичээллэдэг хүн энерги ихтэй байх тул ядарч сульдахгүй уур уцааргүй байх тул хөгширдөггүй. Ядаж л ингэж ч ядарлаа тэгж ч өвдлөө гэж хажуудахдаа гомдоллоод байхгүй тул эр нөхөр, найз залуу чинь чамд дургүй болтлоо нэлээн их хугацаа зарцуулах хэрэгтэй болно.

Сайхан хувцаслах

Сайхан хувцаслах гэдэгт заавал үнэтэй хувцаслах гэсэн ойлголт багтдаггүй. Ялангуяа орчин үед үнэтэй арьсан үслэг эдлэл, алт мөнгийг эмэгчүүд л хэрэглэдэг болсон цаг гэдгийг сана. Чамд зүгээр л өмссөн хувцас чинь зохисон байхад л хангалттай. Тэгээд ч хэтэрхий үнэтэй гял цал хувцасласан эмэгтэйгээс дараа нь учирч болох санхүүгийн бэрхшээлээс болоод эрчүүд дөлөх нь их байдаг. Биеийнхээ галбирын аль нэг давуу талаа жаахан дөвийлгөсөн хувцас өмсөхөд эмэгтэйчүүд улам үзэсгэлэнтэй харагддаг. Гэхдээ эрээ цээргүй хэтэрхий задгай хувцаснаас татгалз. Хөх чинь хэтэрхий ил гарах гээд байвал хөнгөхөн алчуур хүзүүгээрээ ороочихвол нууцлаг хирнээ эсрэг хүйсний хүний сонирхолыг илүү татах жишээтэй.

Хөгжилтэй ялдам зантай байх

Уур уцаартай дуу цөөтэй, хахир хатуу бүсгүйчүүл өөрийнхөө сайн сайхныг өөрийнхөө гараар урж тасдаж байгаатай адилхан. Уурлах бүрт хэдэн мянган эд эс үхэж нүүрэнд чинь үрчлээс нэмэгдэж байдаг. Байнга ааш муутай явах нь эмэгтэй хүний царай зүсийг хатуу хахирган дүртэй зэрэмдэг хүн болгон хувиргадаг. Аливаа зүйлд уриалгахан, ааш зан сайтай байнаа гэдэг эмэгтэй хүнийг чимэхээс гадна залуу насыг нь уртасгаж байдгийг тэр бүр хүн анзаардаггүй.

Чөлөөт цагаараа сонирхолтой зүйл хийж сурах

Гэр орны болон албан ажил, үр хүүхэд хань ижлээ халамжилахаас гадна эмэгтэй хүн өөртөө таалагддаг зүйлдээ цаг зарцуулж байх хэрэгтэй. Сайхан ном унших сонирхолтой нэвтрүүлэг кино үзэх, эсвэл сайхан газар луу аялах, салхи агаарт зугаалах гээд таны цагаа өнгөрүүлэх зүйл олон. Ямагт сайн сайхан зүйл уншиж дуулж байвал сэтгэл санаа өөдрөг байх бөгөөд та хэн нэгэнтэй үзэж харсан зүйл эсвэл сонирхдог зүйлийнхээ талаар өөрийн үзэл бодлоо хуваалцах яриа хөөрөө өрнүүлэхэд хэтэрхий тулга тойрсон зүйл хов живээр хөөцөлддөг эмэгтэйгээс хамаагүй илүү үнэлэгдэх болно.

Үе үе хөнгөн дурлаж байх.

Хөнгөн гэсний учрыг сайн анхаараарай. Хүн эсрэг хүйсний хүндээ дурласан үед бие организмд хэрэгтэй ашигтай фегмент ялгарч сэтгэл санаа өөдрөг байдаг. Тэгээд ч эмэгтэй хүнийг хамгийн их залуужуулдаг зүйл бол дурлал. Эмэгчин амьтан бол яах аргагүй аль болох олон эрэгчин түүнд татагдаж байвал бие махбодь нь улам эрүүл чийрэг болж гялалзаж байдаг. Зүгээр л хамт ажилладаг залуу ч юм уу хэн нэг танд таалагддаг аятайхан залууд хөнгөхөөн дурлаад үг яриа өдөж явахад сэтгэл санаа чинь цаанаа л нэг аятайхан урамтай байхыг та мэдрэх болно. Хөнгөхөөн гэснийг хэтрүүлээд хүн болгонтой аальгүйтээд эсвэл өвөр түрийд нь ороод байвал харин буруугаар эргэж нэр хүндгүй нэгэн болно гэдгийг анхаар.

Sex

Нэг хэвийн уйтгартай секс таныг залхаана. Иймд секс хамтрагчдаа эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй шинэ содон зүйлийг орон дотроо санаачлаад үз. Сайхан дотуур хувцас өмсөж (жирийн үед зориглон өмсөхгүй дотуур хувцас ч байсан гэмгүй ), эсвэл бяцхан тоглоом зохиож тоглоод үз. Нэг эхнэр нөхөр хоёрын тухай уншиж байсан юм. Заримдаа анх танилцсан газраа болзоод анх унтаж үзсэн орон дээрээ /тэр нь зочид буудлын ор байсан шиг санагдаж байна/ унтахаар яг анхны шөнө шигээ сайхан мэдрэмж гал халуун дурлалыг амталдаг гэж. Энэ мэтчилэн секс амьдралаа сонирхолтой болгох бяцхан тоглоомууд асар олон. Эмэгтэй хүн сексээс таашаал авч чаддаг дур тачаал ихтэй байвал залуу сайхан цэцэг шиг дэлбээлсэн хэвээрээ л байдаг.
Цааш нь унших...

Monday, November 24, 2008

Шүлэг

Шүлгийн ёстой авъяасгүй байж юу нь хатгасан юм бүү мэд гэнэт өөрийн тухай хэдэн мөрт орж ирээд. Шал тэнэг болсон бол бүү шоолоорой гэж та бүхнээсээ хүсье.

Өөрийн тухай

Нэрнээс минь болдог ч юм уу намайг
Эр хүн гэж андуураад байдаг юм
Нээрээ жаахан эршүүд болохоор надад
Нэр минь яг зохиод ч байх шиг

Эр хүүхэд хүсэхдээ
Ээж аав хоёр минь
Эрхэмбаяр гэж нэр хайрласан ч юм уу надад
Энгүй орчлонд тоос хөдөлгөж явахад минь
Энэ нэр минь надад зохиод ч байх шиг

Үсээ хайнгадуу самнаад
Уруулаа хальтхан будаад явдаг намайг
Уригдсан шоундаа хаяа
Ур гарган гоёж очиход минь
Уулзсан зарим хүмүүс таньдаггүй юм

Бизнес мөнгө ярьсан
Банкны халуун тогоонд чанагдаж
Будилж нэг их төөрөлдөхгүй яваад байдаг болохоор
Бусад маань намайг заримдаа
Булиа эр шиг санаад байдаг ч

Эр нөхөртөө харин би
Эмзэгээс эмзэг турьханаас турьхан
Эхнэр хүний ялдамхан аалиараа
Эрхэлж тунирхсан гүнж нь билээ би

Хүний энэ орчлонд
Хүйгээ тасалж төрүүлсэн
Хөөрхөн хоёр үрдээ харин би
Хөвөн зөөлөн ааштай эх нь билээ би
Цааш нь унших...

Tuesday, November 4, 2008

Уулзалт

Арваад жил уулзаагүй арван жилийн хэдэн “хүүхдүүд” уулзая гээд орой утасдаад байхаар нь бас ч бага насныхаа хөгжилтэй мөчид түр ч атугай саатах бодол тээсээр явж очлоо. Үнэхээр бараг хориод жил төгссөн цагаасаа тааралдаагүй “сонин” хүн ч гадаадаас ирээд удаагүй байна гээд сууж байсан тул удаан хараагүй нэгнээ харж хөөрч догдолж бараг нүдний нулимс гарах гэж байнаа.

Манай ангийн охидууд ихэнх нь намба суугаад гамбайж хөвгүүд нь бүдүүн бүдүүн аавууд болцгоосон байна. Охидууд гял цал алт мөнгөн гоёлоор гангарч уулзалтад ихэд бэлтгэсэн нь илт. Над шиг оюутан охин шиг жинс куртка өмссөн хүн алгаа алга. Жаахан санаа ч зовох шиг. Дотроо гангарч ирдэг байж дээ ч гэж хальт бодоод амжсан. Уг нь ч бас гайгүй гоёлын майк өмссөн л юм. Гэхдээ бүдүүн аавууд болсон ангийн хөвгүүд миний хөгширдөггүйг гайхаж “flirting” болоод байсанд нөгөө хэтэрхий энгийн хувцаснаасаа ч санаа зовохоо мартаж орхиод дотор сэтгэл баяр хөөрөөр дүүрээд ирлээ. Эмэгтэй хүн гэж өөрийг нь сайхан байна гэхээр дандаа л хөөрч орхидог юм чинь. Харин “охидын бүлгийн ахлагч” Мөөгийд энэ байдал таалагдсангүй юу эсвэл харсан нэг нь таньж ядаад байсанд 10 жилийн годгор охин шиг аальгүйтээд байгаа намайг буруутгахаар шийдсэн бололтой “Чи бүр тураад шөмбийгөөд яс арьс болох шахжээ” гэж байна. Тэр уг нь арван жилд байхдаа хичээлдээ сайн идэвхтэй гэхдээ жаахан ааш муутай юунд ч юм дандаа л бухимдаж хэн нэгнийг гоочилж явдаг байсан ч би тэр занг нь таг мартсан юм байлгүй түүний энэ үг хөвгүүдийн хандарсанд дотроо битүүхэн баярлачихаад хөөрч суусан намайг ёстой хүйтэн алчуураар ороолгоод авах шиг санагдаж байнаа. Дотроо нэлээн уур хүрсэн ч угийн махлаг дээрээ бүр бүдүүрч мэдэхгүй хүнд бол надаас лав л 10 аад эгч юм шиг харагдах түүнийг хараад яагаад тэгж хэлсэний учрыг дор нь ойлгосон л доо. Бид хоёр ангидаа охидууд дотроо сурлагаараа хамгийн сайн нь байсан юм. Гэхдээ үзэл бодол ер нь л сонирхол бол тэс өөр хүмүүс л дээ. Би 9 дүгээр ангидаа тооны ангид (тэдний ангид) шилжин ирсэн юм л даа. Орос сургуулиас ирсэн болохоор тоондоо муу байх ёстой гэж боддог ч юм уу эхлээд намайг их гоочилдог байлаа л даа. Гэхдээ би яахав хүнд гэмгүй хорхойд хоргүй нийтэч охин байсан болохоор шинэ ангийнхан маань надад дороо сайн болцгоосон. Ялангуяа тооны ангийн даруухан бор хөвгүүд надад эхлээд жаахан сонин бүрэг санагддаг байсан ч тэрэнд нь би дуртай байсан. Мөөгий бол тэр ангиас ганцаараа хэзээ ч надад дуртай болоогүй хүн. Сургуультай манай гэр ойрхон болохоор охидууд манайд их ирдэг байлаа л даа. Тэр болгонд Мөөгий хэзээ ч явахгүй ганцаараа үлдсэн ч үгүй ээ гээд гүрийгээд яваад өгнө. Хоёр гурван үнэнч тойрон хүрээлэгчидтэй тэд нар нь Мөөгийг сүүдэр шиг дагаастай. Ерөнхийдөө бол охидууд ийнхүү Мөөгий бид хоёрын талд хуваагдсан байлаа. Гэхдээ би аль ч хүнтэй эвсэг Мөөгий шиг bitchy зангүй болохоор тооны хувьд манай тал олонхи болно л доо. Би дотроо бол энэ хуваагдлыг дэмжээд Мөөгийтэй тэрсэлдээд байх өчүүхэн ч бодол байгаагүй. Зүгээр л хүүхдүүд манайд очих дуртай ч юм уу эсвэл надтай байх дуртай болсоноос хуучин ангийн охидын босс Мөөгий маань надад дургүй болчихсон юм.

Бид хүүхэд насныхаа хөгжилтэй дурсамжуудаасаа ярилцсаар нэлээн ч удаан суулаа. Сайхан ч байлаа. Хүмүүс их өөрчлөгдөх юм аа. Багадаа аймаар бүрэг даруухан бор банди байсан манай Аагий буурь суурьтай яриа хөөрөөтэй сайхан гэрийн эзэн аав болсон бололтой. Ажил үйлс нь ч гялалзаж яваа бололтой. Тэрслүү Төөгий гэж нэг хүүхэд байсан юм. Биднээс тэс өөр сэтгэдэг. Ямар сайндаа физикийн багшаас янз бүрийн юм асуугаад байхаар багш уурлаад Төөгийг “Физикийн шинжлэх ухаан доромжлов” гээд журнал дээр бичиж байх вэ дээ. Уг нь Төөгий одоо үед эсвэл баруунд байсан бол ирээдүй нь шал өөр хүн байх байсан юм шиг надад санагддаг юм. Тухайн үед түүнийг юунд ийм сонин юм ярьж багшийг уурлуулдаг юм бол гэж боддог байсан ч одоо бодохоор зүгээр л өөрийнхөөрөө бодож сэтгэдэг бүтээлч сэтгэлгээ нь биднээс хамаагүй хөгжсөн хүүхэд байж дээ. Нэг удаа бас манай ангийнхан нэгнийхээ ах нь Чехээс явуулсан хөгжмийг шатаачихаад төлж өгөх болоход Төөгий зун барилга дээр тоосго цохиж мөнгө олоод төлнө гэж ээж ааваа л шаналгаж хэдэн төгрөг олох юм бодоцгоож байсан бидний нүдийг орой дээрээ гаргаж байсан юм даг. Тэр үеийн хүүхдүүд хүмүүжилтэй нэгнийгээ хайрладаг байж дээ. Хөгжмөө ангийн диско дээр авчраад шатаачихаад Баагий маань урвайгаад байсанд бүгд л бид нар төлж өгнөө мөнгө цуглуулаад гэж амлаж билээ. Амласандаа ч хүрцгээсэн. Хаа байсан ардчилсан хувьсгал ялахаас өмнөх 8000 төгрөг гэдэг ч бас л их мөнгө байлаа шүү дээ. Одоогоор бол эцэг эхийнхээ нэлээн гайгүй машиныг эвдчихсэнтэй л бараг дүйх байх даа. Төөгий маань одоо хувийн бизнес эрхэлдэг гэнэ. Уг нь тийм шинийг сэтгэдэг өөрийнхөө үзэл бодлыг томчуудын өмнө ч айхгүй хамгаалдаг байсан Төөгийгөө улс төрөөр хөөцөлдсөн бол нэлээн амжилтанд хүрэх байсан шүү чи гэж би бас явуулаад амжсан. Тэгсэн чинь мань хүн “Хөгшин чинь монголын улс төрд дэндүү шударгадах байхаа” гэж хариулсан. Нээрээ л бас үнэн үг. Тэр нээрээ шударга өөрийнхөөрөө хүү байсан тэр хэвээрээ л байна.
Өөртөө таалагдаагүй эсвэл өөрөөс нь илүү гэж бодсон зүйлээ хайр найргүй хатуу нясуун үгээр дайраад авдаг Мөөгий маань ч гэсэн хэвээрээ л байна.

За манай ангийн андуудаа гэж иймэрхүү л хүмүүс байдаг юм даа.
Цааш нь унших...

Saturday, October 11, 2008

Олон улсын санхүүгийн хямрал

Өнгөрсөн жил Америкт эхэлсэн “sub-prime mortgage” буюу орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зээлээс үүдэлтэй хямрал 2008 онд “credit crunch” буюу зээл санхүүжилтийг хязгаарлах байдалд хүргэсэн билээ. 
Энэ оны 9 дүгээр сар гарсаар энэхүү хямрал улам бүр гүнзгийрч дэлхийн санхүүгийн аваргуудын нэг болох “Lehman Brothers” дэлхийн санхүүгийн түүхэн дэх хамгийн том дампуурлаа зарлаж, дампуурлын ирмэгт тулаад байсан “Merril Lynch” энэ байдлаас сургамж авч “Bank of America”-д худалдагдлаа. Мөн даатгалын хамгийн том груп “American International Group” Америкийн төв банк болох Холбооны нөөцийн банкнаас 85 тэрбум долларын тусламжийн мөнгөөр төрийн мэдэлд орлоо. Энэхүү хямрал нь 1920-оод оны сүүл үеийн “Их хямрал”-ын дараахь Wall Street –ийн хамгийн том хямрал гэж нэрлэгдэхэд хүрээд байна. 

АНУ-ын Төрийн сангийн нарийн бичгийн дарга Хенри М Ролсон 9 дүгээр сарын 18-ны өдөр санхүүгийн хямралд орсон Wall Street –ийн банк санхүүгийн байгууллагуудыг аврах зорилгоор 700 тэрбум долларын “Байлаут” төлөвлөгөөг олон нийтэд албан ёсоор зарласан билээ. Энэхүү төлөвлөгөө ёсоор банк санхүүгийн байгууллагуудын моргэйжийн муу зээлүүд бусад чанаргүй актив хөрөнгө өр, зээлүүдийг улс худалдан авч тэдгээр банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн голдиролд нь оруулах явдал байсан ч татвар төлөгчдийн мөнгийг “ Wall Street”-ийн банкуудыг аврахад зарцууллаа гэсэн үндэслэлээр олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Улмаар АНУ-ын Конгресс уг төлөвлөгөөний зарим нэг хэсэгт тухайлбал энэхүү аврах төлөвлөгөөнд хамрагдсан банк санхүүгийн байгууллагуудын хувьцааны зарим хэсгийг АНУ-ын төрийн мэдэлд оруулах зэрэг нөхцөлүүдийг нэмсэн боловч 9 дүгээр сарын 29- ний өдөр энэ саналыг буцааснаар дэлхийн томоохон биржүүдийн индекс урьд өмнө байгаагүй хэмжээгээр огцом унахад хүргэлээ. Тухайлбал уг үйл явдлын дараахан S&P –ийн 500 хувьцааны индекс 9 хувиар буурсан нь 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш гараагүй том уналт боллоо. Улмаар хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны үнийн огцом уналт, санхүүгийн тогтворгүй байдлаас зайлсхийхийн тулд дээрх Байлаут төлөвлөгөөг батлахаас аргагүй байдалд хүргэлээ. 

АНУ-д үүссэн санхүүгийн хямрал дэлхийн глобалчлагдсан эдийн засгийн өнөө цаг үед улам бүр дэлхий нийтийг хамарсан санхүүгийн том хямрал болон үргэлжилж байна. Их Британий болон Европийн олон банк санхүүгийн байгууллагууд Wall Street-ийн санал болгосон моргэйжийн үнэт цаасуудад их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийсэн байсан нь тэдгээрийг их хэмжээний алдагдалд хүргэсэн билээ.
Өнгөрсөн баасан гаригийн байдлаар дэлхийн гол гол томоохон биржүүдийн индексийн мэдээллийг дараахь хүснэгтээс харна уу.

2008 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар (Bloomberg)

Dow Jones Industrial Average (-+)
-1.49% (Хаалт)
8,451.19
DJ Euro STOXX 50 -7.78% 2,421.87
Nasdaq (New -York) +0,27% 1,649.51
S&P 500 -1.18% 899.22
DAX (Франкфурт) -7.01% 4,544.31
FTSE 100 (Лондон) -8.85% 3,932.06
NIKKEI (Токио) -9.62% 8,276.43
KOSPI (Сөүл) -4.13% 1,241.47
CAC-40 (Парис) -7.73% 3,176.49
Hang Seng (Хонгконг) -7.19% 14,796.87
Shanghai SE A share index (Шанхай) -3,56% 2,101.00


Европын олон орнууд иргэдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор банк дахь хадгаламжуудад төрийн баталгаа гаргах замаар хамгаалалтдаа авч эхэллээ. Тухайлбал ХБНГУ-ын Засгийн газраас тус улсын бүх банкуудад буй иргэдийн хадгаламж болон харилцах дансууд дахь үлдэгдэлд баталгаа гаргаж өгсөн байна. 

Оросын холбооны улсын Төрийн дум 80 гаруй тэрбум долларын банк санхүүгийн системийг аврах төлөвлөгөөг баталсан байна.

Мөн “credit crunch” –ийг зохицуулах зорилгоор АНУ-ын Холбооны нөөцийн банк, Европын холбооны төв банк бусад орнуудын төв банкууд зээлийн хүүгээ огцом бууруулах арга хэмжээнүүдийг өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт авч хэрэгжүүлсэн байна. Гэвч хөрөнгө оруулалт бол итгэлцэл дээр тогтдог учир хэдийгээр хүүг бууруулсан ч энэ нь олигтой үр дүнд хүрсэнгүй хямрал үргэлжилсээр байна. 

Дэлхийн нийтээрээ санхүүгийн секторыг аврах тал дээр нэгдэцгээж байна. Өнгөрсөн Баасан гаригт Вашингтонд болсон “Их-7”-ийн Сангийн сайдуудын уулзалтаар санхүүгийн хүндрэлд орсон банкуудад туслах, гол томоохон банкуудыг дампуурлаас сэргийлэх болон банкны хадгаламж эзэмшигчдийг бодлого зохицуулалтаараа хамгаалах талаар ярилцлаа. Уг уулзалтын үр дүнд энэ долоо хоногийн эхээр хүндрэлд орсон банкуудад засгийн газраас шууд хөрөнгө оруулалт хийх замаар тогтворжуулах оролдлого хийж эхэлсэн Их Британий жишээгээр хямралыг тогворжуулах нь зүйтэй юм гэсэн асуудал дээр тохиролцлоо. АНУ “Их хямрал”-ын дараа анх удаагаа санхүүгийн хүндрэлд орсон банкуудын хувьцааг худалдан авах замаар хямралыг тогтворжуулах шийдвэр гаргасан байна. Энэхүү засгийн газраас гаргаж буй нэмэлт хөрөнгийн хэмжээгээр хувийн банк санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгө дахь төрийн мэдлийн оролцоог бий болгож байгаа нь иргэд олон нийтийг банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлж улмаар хямралыг тогтворжуулахад чухал үр нөлөөтэй байж болзошгүй юм. 

Цааш нь унших...

Friday, October 3, 2008

Амьдралын амт

Бээжин-Улаанбаатарын галт тэрэг хөдлөх дөхөөд галт тэрэгний буудал дээр хүн хөдөлгөөн ихтэй байлаа. Би ч арай гэж амжиж суугаад зайгүй шахам хонгилоор чихэлдэн урагшилсаар арай гэж нэг юм күпегээ олж суулаа. Аян замын хань болох нэг күпений 3 маань аль хэдийн байраа эзэлчихсэн сандарч гүйсэндээ амьсгаадсан намайг ихэд сониучирхан ширтэцгээнэ.

Ажаад байхад тэр гурав нэг айлын ээж, аав, хүү гурав бололтой. Аян замын хань болох хүмүүс маань эеэргүү царайтай хүмүүс таарсанд дотроо битүүхэн баяртай явлаа. Галт тэргээр урьд нь хол замд аялаж үзээгүй болоод ч тэрүү зарим нэг хүний аян замын паянгаас хагас хугас сонссон болоод ч тэрүү ганц бие эмэгтэй хүн бүтэх бүтэхгүй хүмүүстэй эсвэл 3 хар юмтай нэг күпенд орчихвол яанаа гэж битүүхэн түгшиж явсаныг ч хэлэх үү тэр гурвыг хараад миний санаа зовинол агшин зуур үгүй боллоо.

Өрөөний гурав маань нэг их нүүрэмгий улсууд биш бололтой “Сайн байна уу” гэж мэндэлснээс цааш хэтэрсэнгүй. Бишүүрхэнгүйгээр зөвхөн намайг ажиглана. Би ч хүмүүс яриа өдөхгүй бол хэл амыг нь татаж чангаагаад байдаггүй зангаараа эхэлж яриа өдсөнгүй цүнхнээсээ замд уншина гэж авсан зузаанаас зузаан номоо гаргаж аваад ороо засан тухлаад номоо уншиж эхэллээ. Уг нь тасалбар дээр бичсэнээр миний суудал доор байсан ч эхнэр нөхөр хоёр доод суудлуудыг аль хэдийн эзэлсэн тул дээд ор луу авирч гарахдаа жаахан ундууцангуй байсан би эхний хэдэн цаг Чойр ортол мань гуравтай ам ангайсангүй. Тэгээд ч сонирхолтой номын амтанд ороод юун хүмүүстэй яриа дэлгэх манатай. Нөгөө гурав ч хаяахан үлдэж хоцорсон гэрийнхнийхээ тухай ярилцаж гүнгэр гангар хийхээс хэтэрсэнгүй.

Замд гараад нэлээн удсан тул бие засах хэрэгтэй болж би дээд талын орноосоо эв хавгүйхэн бууж жорлон орлоо. Эргээд иртэл күпе маань түгжээтэй байсанд жаахан гайхаж гэнэт “хулгайч” гэсэн муу бодол толгойд орж гэнэ алдаж хамаг байдаг хэдэн төгрөгөө цүнхэндээ хийгээд орхисноо саналаа. Күпений хаалгыг дуу шуутайхан тогшсонд “Одоохон” гэж дотроос уриалгахан дуугараад нөхөр нь төд удалгүй хаалга нээж өглөө. Би ч ихэд сэжиглэнгүйгээр мань гурвыг нэг ширвэж хараад хурдхан орон дээрээ гараад цүнхээ шүүрэн авсанаа намайг хулгайд сэрдэж байгааг минь мэдчих вий гэж жаахан санаа зовсондоо мөнгөө цүнхнээсээ гаргаж тоолохоос жаахан нэрэлхэж цүнхэн дотроо нэгд нэггүй тоолж үзээд бүгд тоо ёсоороо байсанд сая нэг санаа амарч урт амьсгаа авлаа. За дахиж л ингэж хүн хардаж толгойдоо лай хурааж байснаас жорлон орохдоо мөнгөө нөгөө ээжийн өгөөд байсан уутанд хийж хүзүүнээсээ зүүгээд гарч байя. Хэн хэндээ хал балгүй гэж дотроо шийдлээ. Тайвширсан хойноо өрөөнд жаахан эвгүй үнэр сүрчиг юмуу агааржуулагчийн үнэртэй холилдон нэг л сонин үнэртээд байгааг сая л анзаарлаа. Намайг ам хамраа шуухитнуулан юуны үнэр болохыг тааж ядан байгааг нөхөр нь ажигласан бололтой “Уучлаарай миний дүү, эхнэр маань суумгай юм л даа тэгээд танихгүй хүнээс зовоод чамайг гарсан хойно нь “хуурайлсан” юм” гэлээ. Өвчин шаналгааны ямар ч ул мөргүй тайван харин ч бүр хөнгөн инээмсэглэл нүүрэндээ тодруулсан эхнэрийг нь суумгай гэж би төсөөлөөгүйдээ балмагдаж бас түрүүний хулгайд хардсан муухай санаанаасаа ичиж хэсэг зуур эг маг хийгээд олигтой ч хариу хэлж чадсангүй бантав. Харин дотроо ээ хөөрхий дээ ийм залуугаараа яагаад суугаа болчихсон юм бол гэж халаглан бодлоо. Галт тэрэг хөдөлсөн цагаас хойш тэрээр хөдлөхгүй хана налан орон дээрээ хөлөө унжуулаад суугаад байсны учир ийм байжээ. Тэгтэл би миний доор суудлыг эзэлчихлээ гэж эгдүүцэж явдаг ч таарч дээ гэж бодоод өөрийнхөө амиа бодсон арчаагүй байдалдаа ихэд гэмшлээ. Яагаад ч юм миний сониуч зан хөдөлж төрөлхийн суугаа юм болов уу эсвэл золгүй тохиолдлоор өвчнөөс суугаа болсон юм болов уу гэсэн бодол толгойд эргэлдэж энэ тухай ямар шууд асуучихалтай биш эвгүй тул дэмий л номоо уншсан дүр худлаа эсгэж дороо хавчигнаж суулаа. Нөхөр нь харин миний бодлыг тааж мэдсэн юм шиг яриа эхэлж “За аян замын улсууд байна хоорондоо танилцаж нэр ус хэрэг зоригоо мэдэлцэнэ байгаа” гэж яриа өдлөө. Би ч дуртайяа өөрийгөө танилцууллаа. Тэр гурвын гол зорилго нь Бээжин хот орж эмчлүүлэх онош тавиулах болохыг мэдэж авлаа. Хөөрхий эмэгтэй төрөлхийн суумгай бишийг ч бас мэдэж авлаа. Нөхөр нь аажуухан яриагаа эхэлж эхнэр нь одоогоос 3 жил гаруйн өмнөөс гэнэтхэн татаж унадаг болж улмаар үе мөч хөл нь мэдээгүй болсон гунигт түүхийг ярьж өглөө. Хувийн бизнес эрхэлж ноос ноолуур цуглуулж боловсруулан зардаг авсаархан үйлдвэр байгуулж нэг хэсэг ашиг орлого ихтэй амьдрал цэгцэрч байснаа ч дурслаа. Харин сүүлийн 3 жилийг тэрээр зөвхөн эхнэрээ эдгээхэд зориулсан бололтой. Эхлээд үйлдвэрээ дараа нь орон сууцаа хүртэл зарж 3 жил эмчлүүлсэн гэнэ. Харамсалтай нь монголын бүх эмнэлэг дээр нь илээч бариач гэсэн болгоныг дуусгасан ч эхнэр нь эдгэсэнгүй. Мэдрэлийн эсийн хорт хавдар гэсэн оноштойгоор Монголд эмчлэх ямар ч боломжгүй гэсэн хариу авчээ. Тэгээд эцсийн горьдлого болгож урд хөршийн эмнэлэг оношлогоо, үйлчилгээ сайтай тул амьтан ах дүүгээс тав арван төгрөг олоод аян замд гарсан нь энэ.

Дөч дөнгөж гарч байгаа боловуу гэмээр ухаалаг тогтуун харцтай нөхөр нь өвчтэй эхнэрээ хайр гэрэлтсэн харцаар шагнан шагнан бөөцийлж халамжлах нь хажууд суугаа хүн өөрийн эрхгүй уярмаар. Өвчин зовлон энэ гэр бүлийг сөхрүүлж амьдралд итгэх итгэлийг нь тасар татан хаяагүй нь тэдний инээмсэглэл нэвт гэрэлтсэн нүүрнээс нь илт. Аав, ээж хүү гурвыг ажаад байхад эдэлж хэрэглэх, өмсөж зүүсэн нь эгэл даруу ч ажилч хичээнгүй, нягт нямбайг нь илтгэх шиг цэвэр цэмцгэр. Эднийх өнөр өтгөн гэр бүл бололтой. Гэртээ үлдсэн хоёр охиноо юу хийж байгааг төсөөлөн хөгжилтэй яриа дэлгэх нь энгүүн агаад аз жаргалтай. Нөхрийнх нь халамжинд уярсан би эхнэрт нь “Та ийм сайхан нөхөртэй, үр хүүхэдтэй хүн эдгэх байлгүй дээ” гэтэл тэрээр “Амьдрал хүний зовлон жаргалыг тэнцүүлдэг гэдэг. Хэрвээ энэ маань архи дарс ууж агсагнасан нэгэн байсан бол би лай ланчигаа эдлэх гээд эрүүл ч байх байсан юм билүү” гэж бодлогоширонгуй өгүүллээ. Тэгж хэлэнгээ харц нь ялимгүй гунигаар дүүрсэн ч хормын дараа сайхан том алаг нүдээрээ инээвхийлэхэд нь сэтгэлийнх нь угт би эдгэрэх байхаа гэсэн найдлагаа огт алдаагүй болохыг нь би олж харах шиг болж аюулт өвчний өмнө өвдөг сөхрөөгүй түүгээр үнэхээр бахархаж билээ. Хүний амьдралын амт гэдэг энэ гэр бүл шиг нэг нэгнээ хайрласан шиг хайрлаж бурханаас заяасан нэг өдрийг ч сэтгэл тайван өнгөрөөж ямар ч бэрхшээлийн өмнө барьц алдахгүй байж сэтгэлээрээ баян байхыг л хэлдэг байхдаа гэж би бодож суулаа.

Бүтэн өдөр шөнө явсан ч би гэдэг хүн тэдний хөгжилтэй ярианд татагдан ер уйдсангүй явсаар зорьсон газраа ирлээ. Амтархан уншиж эхэлсэн номоо ч дахин ер сөхөж хараагүй. Аав, ээж, хүү гурвын нэг нэгнээ гэсэн халуун дулаан сэтгэл дөлгөөхөн аашинд уяран уяран байхдаа хүний амьдралын амт, аз жаргал гэж чухам

юу болохыг бага сага ч гэсэн ойлгох шиг болж билээ.

Ямарваа юманд эцэс төгсгөл байдгийг сануулах шиг галт тэрэг Бээжин хотын буудал дээр дохиогоо хангинуулан, уухилан аахилан зогсоход сая л нэг аялал дууссаныг мэдэж яагаад ч юм тэр эерэг мэдрэмж, халуун дулаан сэтгэлийн галаар аян замын туршид намайг харамгүй шагнасан тэр сайхан хүмүүсээс салж явах болсондоо битүүхэн харамсаж билээ. Хөөрхий дөө эгч минь та эдгэнээ буцаад хөлтэй болноо. Бурхан таны зориг тэвчээрийг үнэлж та эдгэрнээ гэж дотроо ерөөсөөр өөрийн мөрийг хөөн одвоо би.

Б.Эрхэмбаяр

Цааш нь унших...

Wednesday, September 17, 2008

Өнөөдөр ажил гайгүй. Гайгүй ч гэж дээ өөртөө албаар зав гаргасан гэх үү дээ. Дуртай дуунуудаа гар утас дээрээ хадгалсанаа сонсоод сайхан байна. Kent–ийн Dom аndra гэдэг дууг урьд нь зүгээр сонсдог байлаа. Сая харин нет-ээс швед хэл дээрх lyrics-ийг нь олж аваад уншсан чинь үнэхээр их таалагдлаа. Лаг cool санагдаад хамаг ажил урамтай болчихлоо. Дахин дахин үгийг нь харангаа сонслоо. Ажил дээр болохоор элдэв эмоцио гаргаж болохгүй чимээгүйхэн сонсох жаахан тийм юм. Заримдаа бүр их сэтгэл хөдлөөд дагаж дуулчих гээд хэлээ хазаад. Хэдэн junior –ууд маань дуулахыг минь сонсчихвол онигоо болох байх даа. Хэхэхэ. Кентийн дараа Lemons-ийг жаахан сонслоо. Бас их таалагдаад байгаа. ,,,,,Цэнхэр нүд бас том, Би чамайг санасан уу мэдэхгүй ээ зүгээр л чамайг өдөржин бодлоо,,,,,,,,,Сүүлийн үед монголын Alternative хамтлагууд их сайжраад байгаа. Lemons, A sound өөр юу билээ нэг хөөрхөн хамтлаг бас бий. Сүүлийн үед дандаа сонсдог болоод байгаа. Ээх Nirvana яваад эхэллээ. Rape me, Rape me, my friend
Rape me, Rape me again I’m not the only one. AAAAAA…………………….Come as your are as, as you were, as a friend, as a friend as an old enemy………………..Memoriaeeeeeeeeeeee
Манай гэр гэж нэг бөөн Alternative –аар амьсгалсан гэр бүл байдаг юм. Нөхөр маань, хүү маань том болоод бас улаан Alternative-чин болчихсон. Аймаар инээдтэй. Гэдсэнд байхад нь сонсдог дуунууд болохоор тэгдэг юм болов уу. Уг нь одоогийн хүүхдүүд үеийнхэн нь Hiphop гээд байхад. Хүүгээ хэдэн дуу өгөөч гэсэн чинь аймаар хөөрхөн дуунууд өгчихсөн байна.




En ensam kvinna söker en man
Svar till: Hjärtat talar sant
En pessimist i sitt livs form
Jag vädrar blod, det luktar sorg

En utomjordings kärlekstörst
En undran vem som svek vem först
Ät fett och socker tills du spyr
Eller blir en fyra-tonsmartyr
Sälj dig, sälj dig dyrt

Kom låna törnekronan min
Lid för konsten eller brinn
Jag slåss och håller kroppen varm
En dröm om mammas ömma famn

En utomjordings kärlekstörst
En undran vem som svek vem först
Och jag blir gärna en martyr
Vi behöver nog en ny
Sälj dig, sälj dig dyrt

Ett långfinger åt döden
Vi gick över lik
Och skylta' med vår kärlek,
vårt rika inre liv
Men plåtarna till himlen
var slut när vi kom dit
Och priset vi betalat
För att klassas som elit
Var att vi blev som dom andra
Vi blev som dom andra
Vi blev som dom andra

Och vi kommer inte längre
Vi är tillbaks på noll
Men ingen kommer sörja
Vi har spelat ut vår roll
Vi glömmer hela skiten
Det betyder ingenting
Vi skulle kommit längre
Men räckte inte till
Vi blev som dom andra
Vi blev som dom andra
Vi blev som dom andra

A lonely woman seeks a man
Answer to: The heart tells the truth
A pessimist in his best form
I smell blood, the scent of sorrow
The lovethirst of an alien
A wonder who betrayed who first
Eat fat and sugar till you vomit
Or become a four-ton martyr
Sell yourself, sell yourself for a high price
Come, borrow my thorncrown
Suffer for the art or burn
I fight and keep the body warm
A dream of mothers tender hug
The lovethirst of an alien
A wonder who betrayed who first
And I'll be happy to become a martyr
We probably need a new one
Sell yourself, sell yourself for a high price
A middle finger to death
We walked over corpses
And put our love on show,
our rich inner life
But the plates to heaven
were sold-out when we arrived
And the price we'd payed
To be classed as an élite
Was that we became like the others
We became like the others
We became like the others
And we won't get any futher
We're back at the start
But nobody will mourn us
We've played out or part
Forget all that shit
It doesn't mean a thing
We should have gotten further
But we weren't enough
We became like the others
We became like the others
We became like the others Цааш нь унших...

“Үхэж үл болно” киноны талаар төрсөн сэтгэгдэл

Зуны амралтынхаа төгсгөл болгож Чингис хааны тухай монголчуудын хийсэн “Үхэж үл болно” киног үзлээ. Киноны үйл явдал бол яахав нэг их гологдоод, урьд Япон найруулагчийн хийсэн кино шиг бухимдал төрүүлээд байх зүйлгүй юм. Харин зураг авалт, жүжиглэлтийн стиль, хувцаслалт бол яах аргагүй хоцрогдсон юм шиг санагдсан. Кино театрт үзсэн болоод ч тэр үү нөгөө special effect сайтай Холливуудын кинонуудтай харьцуулах гээд байж магадгүй гэхдээ энэхүү техникийн болоод технологийн талд Монголын кино урлаг Холливудын түвшинд хүрэхгүй гэдгийг өршөөдөг юм аа гэхэд өөрсдөө шийдэж болохуйц зарим нэг зүйлүүд байгааг хэлэхгүй байж болохгүй мэт. Жишээлбэл дүр сонголт маш муу хийгдсэн байна гэж би бодсон. Хорь гаруйхан настай Чингис, Жамухын дүрийг манай кино урлагийн “Алтан үеийнхэн” гэж нэрлэгдсэн жүжигчин Төмөрбаатар, Цэрэндагва зэрэг 60 дөхсөн хүмүүс бүтээсэн нь яах аргагүй авьяас гэдэг зүйл наснаас болоод тэтгэвэрт гарчихаад байгааг хэлээд байх шиг. Ийм байтал Бөртэгээс (Одончимэг) бусад хатдын дүрд хэтэрхий нялх хорь дөнгөж шүргэж буй охидуудыг тоглуулсан нь яагаад ч юм нэг л авцалдаагүй санагдаад байлаа. Хулан хатныг “нинжа” байдлаар бүтээсэн нөгөө япон найруулагчийг дуурайж байгаа юм шиг бас л хуяг дуулга агсуулж Жамухын бүслэлтийг сэтэлж Чингисийг аварч буй баатар байдлаар бүтээсэн байх юм.

Жүжиглэлтийн хувьд ч гэсэн бид хэтэрхий лоозогносон стильтэй “советийн школоосоо” салах цаг болсон нь харагдсан шүү. Хэтэрхий цэцэн цэлмэг үгээр лоозогнон хашгиралдсан жүжигчдийн жүжиглэл дүрийнхээ дотоод сэтгэлийг гаргаж өгч ердөө ч чадсангүй их чамлалттай санагдсан. Уг нь кинонд манай нэртэй сайн жүжигчид тоглосон ч яагаад ч юм кино нэг л өнгөгүй их эзэн Чингис хааны маань сүр хүчийг харуулж чадсангүй. Нүүр хувиргалт эд нарыг бол ярилтгүй маш муу. Пид харалчихсан жүжигчдийнхээ нүүрэн дээр театрын крем хөхөртөл нь тавьсанаас хэтэрсэнгүй. Урлагт жүжиглэлт, авьяасаас гадна яах аргагүй үзэгчдийг байлдан дагуулах царай зүс, залуу нас, өнгө үзэмж хэрэгтэй байдаг. Хятадын найруулагчдын сүүлийн үед дэлхий нийтийг шуугиулсан кинонууд болох Crouching Tiger Hidden Dragon бас Сurse of the Golden Flower зэрэг кинонуудаас харахад тэд жирийн нэгэн түүхийг ямар их хүний сонирхол татахуйц байдлаар орчин үетэй хөл нийлүүлэн бүтээж чадаж байна. Зураг авалт, хувцасны дизайн ямар гайхамшигтай байна. Зөвхөн Curse of the Golden Flower дээрээс ганцхан жишээ татахад хятадууд уламжлалаараа бол задгай энгэртэй хувцас хэзээ ч өмсдөггүй ард түмэн гэтэл зүгээр л үзэгчдийн сонирхлыг татах гэж уламжлалт хувцасаа хүртэл эвдэж эмэгтэй жүжигчдийнхээ дээлийг хөх гарсан задгай энгэртэй байдлаар хийсэн гээд жижиг сажиг мэт боловч бодууштай зүйлүүд асар их. Гэтэл бид Чингис хаанаа нас дээр гарсан зүгээр л нэг хөдөөний өвгөн байдлаар бүтээгээд байвал хүмүүсийн сонирхлыг хир татах бол. Ингээд бодохоор "алтан үеийнхний бүтээсэн Чингис хааны тухай киног гайгүй кино болчих болов уу гэж тэднийг хүндэтгэдгийн хувьд битүүхэн горьдож байсан миний хүлээлт лав талаар болсон. Энэ киног үзээд төрсөн сэтгэгдэл бол Монголын кино урлагт асар том шинэчлэл хийх хэрэгтэй юм байна даа л гэж бодогдсон. Өнөөгийн энэхүү хөгжингүй нийгэмд бид 60, 70 аад оны сэтгэхүйгээр кино бүтээгээд байвал хайран мөнгөний дээр гадны үзэгчдэд энэ монголчууд чинь ямар өнгөгүй, сүр сүлдгүй царай муутай улсууд вэ гэж харагдмаар санагдсан шүү.

Цааш нь унших...